Ерөнхийлөгч Х.Баттулга аа, надад танаас гуйх юм алга, ард түмэндээ л амь гуйя
2021/06/17
Хүн хутга бариад очиход төхөөрүүлэх гэж байгаа хонь ямар өрөвдмөөр байдаг билээ дээ. Нүд нь бүлтэлзээд, майлахчаан аядаад, яг л амь гуйж байгаа юм шиг. Монголчууд жил зургаан сар яг ийм байдлаар амьдарлаа. Хэзээ энэ тахал нь тусаад, хэн нь үхэх бол гэсэн байдлаар хоног, сарыг өнгөрөөж өнөөдрийг хүрсэн нь үнэн.
Энэ хар дарсан зүүднээс салгаж, хүн ардынхаа амийг найдвартай аврах ганц л газар байсан. Тэр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гурван гишүүн, гол нь энэ байгууллагыг толгойлж суугаа Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ хүнд бүх эрх мэдэл байсан. Гамшгийн үеийн онц байдал зарласан ч бүрэн эрх нь түүнд бий.
Гэтэл Монголын төрийг толгойлж суугаа энэ хүн даанч хариуцлагагүй хандаж, өнөөдөр 80 гаруй мянган иргэнийхээ эрүүл мэндийг хохироож, 400 шахам хүнийхээ амийг аварч чадсангүй. Монгол Улс цар тахлын өвчлөлөөр Азидаа тэргүүн байранд очиж үхэл минутаар хэмжигдэх боллоо. Цар тахлаар өвчлөгсдийн тоо хоногт 2000 давж, үхэл арав гаруй бүртгэгдэж, жирэмсэн эхчүүд хүүхдүүд олноороо нас бараад байна.
У.Хүрэлсүх “Зорилго минь биеллээ” гэсэн шиг таг чимээгүй алга боллоо. Би түүнд хандаж түрүүнд бичсэн учраас энэ удаа азная.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, улсын Ерөнхийлөгч Х.Баттулгадаа голоо тасартал гомдож байна даа. Сангийн яамны шинэ, хуучин сайд нар төсвийн болон хандив тусламжийн олон их наяд төгрөгийг ард түмнээсээ нуучихаад сонгууль, баяр наадам хоёрт баруун солгойгүй цацаж байхад төрийн тэргүүний хувьд Х.Баттулга зангарагтайхан дуугарч болно доо. Тэгсэнгүй. Эрх баригчид одоо бүр оодорсон, юм болгонд “Минийх” гэсэн байдлаар хандах боллоо. Ард түмэн бол эрх тушаал нь хэвээрээ байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга руугаа л ширтэж байгаа. Гэтэл бидний итгэл хүлээлгэсэн хүний байгаа царай.
Сонгуулийн шоу болгож “Өрх болгонд нэг сая төгрөг тараая” гэж нэг хашгирсан. Үнэн сэтгэлээсээ, ядуу ард түмэндээ тусалъя гэж бодсон бол “Дундаас доош орлоготой” ч гэдэг юм уу “нэн ядуу” ч гэдэг юмуу зааг ялгаатай бодох байсан. Тэгэлгүй “бүх өрхөд” гэж байгаа юм. Сарын 50 сая төгрөгийн цалинтай “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга Бадамсүрэн, Улаанчулуутын хог ухаж байгаа Долгорсүрэн хоёр адил байх нээ дээ. Үнэхээр ядарсан ард түмнээ бодсон бол энэ хоёр чинь өдөр шөнө шиг ялгаатай байгаа юм. Сонгуулийн шоу бол адилхан л даа.
Тэгсэн чинь гэв гэнэт Ерөнхийлөгч маань учир тухайгүй их одон медаль тараадаг байгаа. 16 мянган хүн шагнасны 11 мянга нь “Алдарт эх” гэнэ. Би шагнал өгч байгаа, авч байгаа хүмүүсийг буруутгэх гээгүй. Төрийн дээд шагнал олгох ёстой ганц хүн нь зарлиг гаргаж, гавьяа зүтгэлээ үнэлүүлж байгаа иргэдийн хувьд зүй ёсны хэрэг.
Надад эмзэглэх нэг л зүйл байгаа юм. Цаг үеэ олсон уу, ингэж зохион байгуулах нь зөв юмуу гэдэгт л бүх учир байгаа. Өмнө нь “шагналын хур” буудаг л байсан. Тэгэхдээ Ерөнхийлөгч нь цөөн хэдэн хүнд өөрөө гардуулаад, бусдыг нь аймаг хот, сум дүүргийн удирдлагууд цөөн цөөнөөр нь дуудаад хүртээчихдэг байлаа. Өнөө жил ийм их өвчин тахалтай үед Ерөнхийлөгч нь Төрийн ордондоо цуглуулаад заавал бүх хүний энгэр зааманд нь хүрч байж тараадаг нь ямар учиртай юм бол гэж би бодоод олохгүй л байна.
Д.Сүхбаатарын талбай бол олон хоног наадмын талбай шиг боллоо шүү дээ. Төрийн ордны гадаа асар майхан барьчихаад шинжилгээ авч байна ч гэх шиг. Нэг эх одон авахад л нөхөр, хүүхдүүд нь гээд таваас доошгүй хүн очдог юм байна. Аав ээж, ах дүү, найз нөхөд нь, зурагчин, сэтгүүлч гээд замаа алдсан юм байхаа. Юун амны маск, хоёр метрийн зай, үнсэж, үнэртэхгүй байх.
За яахав, Ерөнхийлөгч маань ч дээд зэргийн чанартай вакцин хийлгэчихсэн, тамирчин хүн юу алзав гэж...
Очиж гараас нь одон медаль авч байгаа хүнд өвчин тархахгүй гэх баталгаа байв уу.
Би энэ далимд нэг зүйлийг эрхэм дээдсийн сонорт хүргэмээр байна. Сүүлийн үед чинь “Овоо тахьдаггүй, одон медаль тараадаггүй Ерөнхийлөгч байна” гэж гарч ирээд л одон медалийг баруун, солгойгүй цацдаг болсон л доо.. Овоо тахилга ч замаа алдсан. Саяхан Ерөнхийлөгч маань оролцоод Баянхонгор нутгийн хайрханыг сүртэй тахьсан гэнэлээ. Нэг найз маань утастдаж байсан. “Наад Баттулга чинь өвчин тараачихаад явлаа” гэж. Зарим хүн “Шагнал уу, авлига уу” гэж бичсэн байна билээ.
Шинээр Ерөнхийлөгч гарч ирэх болгонд би одон медалийн шинэчлэлийн талаар сануулдаг байлаа. Хоёр л санаа. Нэг дэх нь үеэ өнгөрөөсөн энэ олон одон медалийг больё. Хоёр дахь нь цөөн хэдэн одон медалийг мөнгө дагадаг болгоё гэсэн санаа л даа. Нийгэм өөрчлөгдөөд өчнөөн жил болж байхад манайх л гэж нэр нь хүртэл хүнд ойлгогдохгүй “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” гэхчлэн шагналуудтай. Түүнийг нь Ерөнхийлөгч нар сонгууль, баяр наадмын өмнө авлигын журмаар тараадгаа больё гэж байгаа юм. Чингисийн, Д.Сүхбаатарын гэхчлэн хэдэн одонг эзнийг нь олж олгодог, 50-100 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагадаг болгоё гэж би санал тавьдаг, эрхэм дээдэс ч хүлээж авдаг л байсан юм.
Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн байхдаа шинэ одон медалийн скиз гаргуулаад дагалдах мөнгөн шагналтай нь УИХ-аар батлуулахад бэлэн болоод байсныг хэсэг бүлэг хүн эсэргүүцээд болиулчихсан гэдэг. Тэгээд л чимээ алдарсан даа. Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг гарч ирэхэд шинэчлэлийн хүн гарч ирлээ гэж яасан их баярлаж байсан гээч. Тэгсэн чинь тэвэр тэврээр одон медаль тараадаг, тэс өөр бодолтой хүн байсан санж.
Одон медалийн энэ их хөлд дарагдсанаас хойш Монголын цар тахал ч салхины хурдаар явж байна. Энэ хурдаар явбал монголчууд бүгд өвчилж, надаас эхлээд өндөр настнууд нь бүгд төрөл арилжиж, хүчтэй вакцинаар дархлаажсан хүмүүс л гэр бүлийнхээ хамт үлдэх бололтой юм.
Х.Баттулгыг би өвчин тахалд ийм хайхрамжгүй хандах хүн гэж бодоогүй юм сан. Бусад орнууд өндөр настнаасаа эхлээд яаран вакцинжуулж байхад манай эрх баригчид тэртээ хойно сонгуулийн насны залуучуудаасаа эхлээд вакцинжуулж байлаа. Цар тахлаас сонгууль чухал байгаа нь энэ. Олон удаа шаардуулсны эцэст Оросын хүчтэй “Спутник” вакциныг 65-аас дээш насны ахмадуудад хийсэн боловч одоо хүртэл хоёр дахь тунг нь “мартчихаад” байгаа. Нэгдүгээр тунгаа хийлгэсэн лав л 60 мянган хүн өдөр болгон шаарддаг боловч олон удаа хойшлуулсаар оруулж ирсэнгүй. Оросын гэдгээр нь ялгаварлаж байгаа юм болов уу даа. Энэтхэг, Хятадын үнэгүй вакцинуудыг болохоор шаардаж хийлгүүлээд шанд нь 50 мянган төгрөг өгч байх юм. В.Путин вакцинаа харамлаад Монголыг “сүйрүүлчих” нь энэ үү. В.Путин бол “Бага буурай орнууд, тэр дундаа Монголдоо тусална. “Астразенека” вакцин бол 61 хувийн дархлаа тогтоодог. манай “Спутник” бол 91 хувийн дархлаа тогтоодог. Манай вакцин чанартай сайн” гэж хэлээд, бичээд л байгаа шүү дээ. Тэгтэл эрх баригчид маань “Спутник”-ийг оруулж ирэх байтугай Гадаад харилцааны сайд эмэгтэй нь Москвад очиж хойшлуулчихаад ирсэн дам яриа байна. Энд л Ерөнхийлөгч Х.Баттулгадаа их найдвар тавьж хүлээж харж байлаа даа. Гадаад харилцааны сайдынхаа айлчлалын төлөвлөгөөний нэн түрүүнд “Спутник” вакцины хоёрдугаар тунг оруулж ирэх асуудлыг тохироод, ард түмнээ өвчлөл, үхлээс аврахад дорвитой хувь нэмэр оруулах байх гэсэн чинь өнөөх сайд маань “Ленин” клубын алга дарам газрын төлөө жаахан маргачихаад ирлээ л гэх юм. Оросын вакцин хүлээсэн өндөр настан, жирэмсэн эхчүүдээсээ ширвэгдсээр цөөрч байгаа юм биш үү. Уул нь манай Ерөнхийлөгч орос нөхөдтэйгөө аль ч талаараа учир зүйгээ ололцох л хүн дээ. Монголчууд мянга мянгаараа өвчилж нас барж байхад хойд хөршийнхөн маань хоёр гараа сунгах л ёстой юм сан. Хэнээс, юунаас болоод Оросын вакцинд ийм хойрго хандаж байгаа юм, мэдэхгүй дээ.
Ер нь анхнаасаа л ОХУ-ын нөхөдтэйгөө “Спутник”-ийн гэрээ хэлцэл хийж төлбөр тооцоог нь хийсэн бол Монгол Улс ганц ч хүний амьны гарз хохиролгүйгээр энэ гамшгийг даван туулах байсан гэж би боддог юм. Сангийн хоёр сайд вакцины мөнгийг хаана, юунд зарж, угааж байсныг АТГ-ынхан шалгаасай гэж боддог.
Одоо цар тахал Монгол даяар тарчихсан, хүрээгүй аймаг сум байхгүй боллоо. Эрх баригчид хаана нуугдсаныг бүү мэд. Эрдэмтдийн багийн гишүүн гэж нэг физикийн багш, ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч залуу хоёр нь “Гараа угаа, зайгаа барь, маскаа зүү “ гэсэн гуравхан үгээр бидний тархийг угааж байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга аа, манай ард түмэн энэ хүнд үедээ “авралын бурхад” гэж У.Хүрэлсүх та хоёрыг л харж байгаа. Тэгтэл та хоёрын байгаа царайг. Явах хүнд Монгол хэрэггүй, Монголын ард түмэн үхнэ үү, сэхнэ үү хамаагүй гэсэн байдлаар хандаж байх юм. Би тантай уулзах гэж бараг л бүх зөвлөхөөр чинь хэлүүлсэн. Та нар хариу өгөөгүй. Би танаас юм гуйхгүй л дээ. Харин ард түмэндээ бол амь гуйна. “Амь гуйна” гэдэг маань ард түмнээ энэ үхэл зовлонгоос салгаж өгөөч гэсэн гуйлт. Нөгөө нь танаас зайлшгүй асуух нэг зүйл байгаа. Таны АНУ-д зочилсон явдлыг гадуур янз янзаар ярьж, бичиж байгаа. Гол нь таныг хувийн чанартай хоёр ажил амжуулсан гэх юм. Нэгд, шоронд нас барсан гавьяат хуульч Л.Бямбаагийн шүүгч хүүхэд гэр бүлийн хамт оргон гарч АНУ-ын хил дээр асар их валюттай саатуулагдаад байсныг та очиж АНУ-ын иргэд болгосон. Хоёрт, Зам тээврийн яаманд болсон аймагт аллагын ул мөрийг “баллуурдах” хэргийг дахин сөхөгдүүлэхгүйн тулд айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий прокуророо авч явсан. Ерөнхийлөгчийн албаа өгөөд, эднийхээ хойноос очих бэлтгэлээ хангасан... гэсэн яриа амнаас ам, чихнээс чих дамжиж байгаа л даа. Энэ тухай бас ард түмэндээ ялгаж салган хэлж өгөөч гэж гуйх гэсэн юм. Би түрүүчийн бичлэгтээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, дэвших гэж хөөцөлдсөн хүмүүс, тэднийг харьяалсан нам эвслүүдийн бузар хуйвалдаан, тохироо, ард түмнийхээ амь амьдралд яаж хандаж байгаа талаар асар их баримтыг дэлгэж тавина гээд амлачихсан. Түүнийхээ хоёр дахийг толилуулж байгаа нь энэ.
Г.ЖАМЬЯН /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/
Ганбаатар · 2021/06/22
Одоо явж байгаа хүнд юу ч хэлээд өнгөрсөн үлдэж байгаа нөхдүүдийг л хэлж захимаар байна даа энэ өвчин ч бүр болохоо байлаа ард түмэнээ бодмоор байна даа
Ганбаатар · 2021/06/22
Жамьян гуай нэг талыг барьж байна уул нь их л чамбай хүн дээ яасан юм бол гээнд нь нь ч бий гоонд нь ч бий гэж нэг үг байдаг даа
Зочин · 2021/06/19
баттулгаа ковид хэцүүдлээ олон араваараа үхэж дууслаа чи наад одон медиалаа болиочээ угааж найр хийсэн хүмүүс гэр бүл найз нөхөд хамт олоноороо корона тусаад эхнээсээ үхээд бнс
зочин · 2021/06/19
Баттулга төрийг самрах гэж үзээд болсонгүй. Одоо АНамыг самрах гэж үзэж байх шиг байна. Энэ хүнийг аливаа юмнаас яаж салгаж зайлуулах вэ. Хорчин ховдог ханаж цадахаа байсан боловсрол нимгэн учраас үнэн тэнэг новш юм даа. Энэ хүнийг дагаж салбаганадаг нөхдүүд ухаараасай
Зочин · 2021/06/18
Ард түмэндээ хайргүй өөр санаатай хүн байжээ харамсалтай л амьд явж байх юмдаа
Зочин · 2021/06/17
зочин · 2021/06/17
Засгийн газар хориог задгай тавьсаны дараа ковид эрчимтэй тархсан. Тэгээд сонгууль залгаж засгийн газар, онцгой газар хоёр,
Зочин · 2021/06/17
шагнал хавтгайруулж угаалга найр хийж халдварыг огцом нэмэгдүүлсэн Баттулга одоо хурдан зайлаа амьд явмаар бна баахан баярласан дуракууд маскгүй бие биеэнээ тэвэрээд үнсэлцээд бсн одоо эхнээсээ үхээд бна шагналаа зогсоо!!!
Зочин · 2021/06/17
Mongoliin tuluu uneheer zutgej chadsan hamgiin sain erunhiilugch! Tuuh haruulnaa! Tand amjilt.
Зочин · 2021/06/17
chamd ogoh yum baih ch ugui heruukch zunug mini, ta zunujee hudak medeeleldee tarhi chin ergejee, arai denduu yumaa odoo boliochee, ooriin huu shig huntei 4 jil uzeltslee, boliochee, oi gutmaar yumaa
Жамьяан гуайд · 2021/06/17
Жамьяан гуай, та Баттулгыг ийм юм ойлгоно гэж бодож байна уу? Цаадахи чинь асуудалд чин сэтгэлээсээ хандаж сураагүй хүн. Таныг хэн нэгнээс хэдэн төгрөг авч, хэн нэг хүний захиалгаар бичиж байна гэж бодож байгаа. Өөрөө сэтгүүлч нарт тэгэж ханддаг, Мөнхбаясгалан мэтийн юмнуудыг хөлсөөр авч ажиллуулдаг учраас. Ер нь тийм хүн учраас хэзээ ч өөрийн бурууг ойлгодгүй. Үгийн гарз.