“Жижиг, дунд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ” мэдээллийн цахим арга хэмжээ боллоо
2021/06/17
Голомт банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран “Жижиг, дунд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг танилцуулах цахим арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудын удирдлагууд оролцож, 20 гаруй ААН болон Голомт банкны харилцагчдад зориулан шинээр бий болж буй зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
ЕСБХБ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө болон санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэн, олон улсын зөвлөх, экспертүүдтэй холбож өгдөг бөгөөд шинээр танилцуулсан зөвлөх үйлчилгээний хүрээнд Ногоон эдийн засаг, Нийгмийн бүлгүүдийн оролцоо, Цахимжуулалт гэх гурван гол үзүүлэлтийн дагуу дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Арга хэмжээний үеэр дотоодын зөвлөх компанийн илтгэгчид “Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээ” хөтөлбөр, “Ковид-19 цар тахлын дараа бизнесүүд дахин сэргэхэд санхүүгээ удирдах нь” практик зөвлөмж болон “Компанийн үйл ажиллагаанд үүлэн технологи ашиглах нь” зэрэг сэдвээр илтгэл тавин оролцлоо.
Голомт банкны хувьд хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Уг бүтээгдэхүүнээр дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин санхүүгийн хэрэгцээг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой амжиргааг дэмжих, нийгэмд урт удаан хугацаанд нөлөө үзүүлэх бизнесийг санхүүжүүлэх зорилготой юм. Мөн тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бизнесийн онцлогт нь тохирсон, уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүнийг санал болгоод зогсохгүй зөвлөх үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай.
Тус арга хэмжээг хааж Голомт банкны Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгалмаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк 2021 онд мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйл ажиллагаанд мэдлэг, мэдээлэл болохуйц арга хэмжээ, сургалтын цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Цар тахлын хүнд хэцүү цаг үед эрсдэлд ороод байгаа бизнес болон аж ахуй эрхлэгчдэд туслах, тэднийг мэдээллээр бүрэн хангах зорилтоо биелүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Цаашид ЕСБХБ болон Голомт банкны хамтын ажиллагаа илүү хүртээмжтэй, үр бүтээлтэй байна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Бизнес эрхлэгчдийг тууштай дэмжин ажилладаг Голомт банкны зүгээс зохион байгуулах дараа дараагийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдтэй эрхэм харилцагч та бүхэн хамт байгаарай.