Жирэмсэн болон хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй хүн гэрээсээ ажиллаж болох заалтыг Хөдөлмөрийн хуульд оруулахыг дэмжив
2021/06/18
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Уг хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 159 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хөдөлмөрийн тухай хууль болон дагалдах хуульд нэмж оруулахаар дэмжигдсэн зүйл, заалтууд:
- Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага, Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, Ажилтан мэдээллээ хамгаалуулах эрхийг тусгасан агуулгатай 44, 45, 46 дугаар зүйл
- Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, Ажилтны нууц хадгалах үүрэг, Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зохицуулсан агуулга бүхий 73, 74, 75 дугаар зүйл
- “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн 101 дүгээр зүйл
- “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэсэн 128 дугаар зүйл
- “Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.” гэсэн 140 дүгээр зүйл
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 23 дугаар зүйлийн 23.1.14 буюу “Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх.” гэсэн заалт
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “1 дүгээр зүйлд “48.2.Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн хэсэг
- “Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно, 20 жилд ажлын 2 өдөр, 25 жилд ажлын 4 өдөр, 31 жилд ажлын 6 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 9 өдөр.” гэсэн зүйл
- Хөдөлмөрийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах, Ажил байдлын тодорхойлолт авах харилцааг зохицуулсан 47, 49, 51, 52 дугаар зүйл тодруулбал, төслийн 49 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгажээ.
Мөн ажил, амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах ур, чадвар, чадамжийн шаардлага, талууд харилцан тохиролцсон бусад нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд нэмж зохицуулсан агуулгыг тусгахын зэрэгцээ ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах эсхүл, эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээг дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болох агуулгыг тусгасан байна.
Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлжээ.