Токио-2020
2021/06/21
– Монголын жүдо бөхийн холбооноос нөгөөдөр буюу энэ сарын 23-нд Токиог зорих бүрэлдэхүүнээ зарлана. Эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд 12 тамирчин зодоглохоос 60 кг-д сорил хийхээр болжээ.
Тодруулбал, энэ сарын 23-нд 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу мастер Л.Өнөболд нарын хооронд сорил хийнэ. Хоёр тамирчин гурав барилдах бөгөөд ялсан нь Токиог зорих тийзээ өвөртлөх юм. Дээрх сорил барилдааны дараа Монголын жүдо бөхийн холбооноос олимпод оролцох бүрэлдэхүүнээ олон нийтэд танилцуулах аж.
– Токио хотноо эхлэх олимпын нээлтийн ёслолд 20 мянга орчим хүн оролцуулахаар төлөвлөж байгааг “Kyodo” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж буйгаар, энэ тоонд жирийн үзэгчид болон наадмыг зохион байгуулж буй хүмүүсийн аль алиныг багтаажээ. Японы үзэгчдийн хувьд тоог нь хязгаарлах, амны хаалт заавал зүүх зэрэг нөхцөлтэйгөөр оруулах төлөвтэй байна. Мөн үзэгчдийн суудлаас чанга хашгирч, орилохыг хориглоно.
– Зуны олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хороо тэмцээн уралдаанд гадаадаас ирэх төлөөлөгчдийн тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Өнгөрсөн сард гадаадын төлөөлөгчдийн тоог 59 мянга хүртэл багасгахаар төлөвлөж байв. Олимпыг хойшлуулах шийдвэр гарахаас өмнө Токиог нийт 180 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй гадаадын төлөөлөгчид зорин ирнэ гэж тооцоолж байсан юм.
– Олимп, паралимп сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын 80 орчим хувь нь наадмаас өмнө вакцинд вакцинд хамрагдах төлөвтэй байгаа аж. Япон улс сайн дурынхан болон хэвлэлийн ажилтнуудыг вакцинжуулах ажлыг өнгөрсөн баасан гарагт эхлүүлсэн. Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, энэ зуны олимпыг 22200, паралимпийг хэвлэл мэдээллийн 5600 орчим ажилтан сурвалжлахаар хилийн чанадаас Токио хотыг зорин ирэх төлөвтэй байна. Зохион байгуулагчид гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Японд ирснээс нь хойш 14 хоногийн турш байршлыг нь хянахаар төлөвлөж байгаа ажээ.
– Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тамирчдад зориулсан дүрэм журмыг танилцуулжээ. Журамд “Тамирчид амны хаалт зүүхээс татгалзах, зайгаа барихгүй байх, зөвшөөрөгдөөгүй газарт очих, эмнэлгийн үзлэгт орохоос зайлсхийх зэрэг коронавируст халдварын эсрэг журмыг зөрчсөн тохиолдолд торгох, тэмцээнээс хасахаас гадна Японоос албадан гаргах хүртэл арга хэмжээ авна” гэж заажээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин