Х.Тэмүүжингийн талаар хүчний байгууллагуудын өгсөн мэдээлэл зөржээ
2014/05/10
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хаалттай хэлэлцлээ. Тус хуралдаанд 70 гишүүн оролцсон бөгөөд тэднээс 42 нь асуулт асуусан бол 10 гаруй гишүүн саналаа хэлжээ. Түүнчлэн уг хуралдаанд ЦЕГ-ын дарга Т.Билэгт, ТЕГ-ын дарга Б.Ариунсан, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нар оролцов. Ингээд хүчний зарим байгууллагын төлөөлөл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа талаарх баримтыг гаргаж тавьсан тул “Энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй” гэж гишүүдийн олонхи нь үзсэн байна. Мөн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хугацаатай үүрэг өгч зарим тодорхойгүй асуудлуудад холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл авч эцэслэн танилцуулахыг даалгаснаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Эх сурвалжийн мэдээллээр сайдыг огцруулах эсэх асуудал тун ширүүн болсон бөгөөд зарим гишүүн “УИХ-ын чуулганы хуралдаан шүүх хуралдаан шиг болж байна. Энэ бол бидни й хийх ажил биш. Мөрдөн байцаах алба, тэр дундаа мөрдөн байцаагчийн хийх ажил”хэмээж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс Хууль зүйн сайдыг огцруулахаар оруулж ирсэн үндэслэлүүдээс гадна хэвлэлээр гарсан хар тамхи татдаг охинтой нэр холбогдсон, өөрийн хүүхдээ хууль бусаар бусдад үрчлүүлсэн гэх мэт асуудлыг ч мөн өргөн хүрээтэй хэлэлцсэн байна. Харин энд нэг ноцтой асуудал яригдсан нь прокурорын байгууллагын төлөөллөөс дээрх асуудлуудтай холбоотойгоор харилт өгөх явцдаа “Х.Тэмүүжин сайд олон нийтэд хүрсэн огцруулах үндэслэлээс гадна өөр ч асуудлаар шалгаж байгаа” хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь түүнийг огцруулахаар яригдаж байснаас өөр асуудлаар шалгалт хийж байгаа гэдгээ прокуророос хэлсэн байна. Нөгөөтэйгүүр гишүүд маш олноороо асуулт асуусны учир нь тус хуралдаанд ирсэн хүчний байгууллагынхан зөрүүтэй мэдээлэл өгч байсан нь гишүүдийг огцруулах эсэх кноп дарахад хүндрэл учруулж байна гэдгийг хэлж байв. Чуулганы хуралдаанд хамгийн өндөр дуутай байсан нь З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан нар байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Нөгөөтэйгүүр өчигдрийн чуулганы хуралдааныг парламентын түүхэнд байгаагүй онцгой хурал болсон гэж тодорхойлох нэгэн ч байв. Учир нь Цагдаа, Тагнуул, Прокурорын байгууллагын төлөөллүүд хамт чуулганы хуралдаанд хамт суугаад мэдээлэл өгч байсан тохиолдол байгаагүй аж. Сайдыг огцруулах асуудал болон өчигдрийн чуулганы хуралдааны талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
Д.Дэмбэрэл: Албаныхны өгсөн мэдээлэл зөрүүтэй байна
Манай бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авлаа. Учир нь сайдыг огцруулах эсэх асуудал өөрөө ярвигтай, судалж үзэх зүйл олон байна гэж үзсэн. Гишүүдийн олонхи нь Х.Тэмүүжинг огцруулахаар яригдаж байгаа асуудал дунд “Тодруулах зүйл маш олон байна. Тодорхой асуудлыг яриад ирэхээр үнэн эсэх нь тодорхойгүй байна” гэсэн. Тиймээс саналаа өгөхөд хараахан бэлэн бус байна гэдгээ хэлсэн. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагын санал болон тогтоолын төсөл өргөн барьсан О.Баасанхүүгийн ярьж байгааг сонсохоор Х.Тэмүүжингийн хариулттай зөрчилдөж байгаа асуудал олон байна. Нэг нь тагнаж, чагнасан асуудал байгаа мэтээр ярьж байхад нөгөө нь “Тийм зүйл байхгүй” гэж байхад гуравдагч нь энэ хоёроосоо өөр мэдэээл өгч байна. Тиймээс энэ зөрүүг нэг мөр болгоё гэдэг үүднээс завсарлага авах саналтай хүн олон байсан. Хаалттай хуралдаанд гишүүд чөлөөтэй асуултаа асууж, хариулт авах журмаар явлаа. Шүүх хуралдаан шиг гэхээсээ тлүү Х.Тэмүүжинг огцруулахтай холбоотой мэдээллүүдийг илүү тодруулж асуусан. Шүүхийн процесс шиг явсан гэж би бодохгүй байна. Ер нь энэ асуудлыг нэлээд сайн нягтлах ёстой гэсэн байр суурьтай хүн олон байдаа. Авч үлдэх, явуулах гэхээсээ илүү огцруулах гээд байгаа шалтгаанд нь ач холбогдол өгөх хэрэгтэй болов уу.
М.Зоригт: УИХ-ын гишүүд цагдаа шиг сууж байлаа
Х.Тэмүүжин сайдтай холбоотой яригдаж байгаа үнэн, худлаа нь мэдэгдэхгүй асуудалд би төдийлөн ач холбогдол өгөөгүй. Яагаад гэвэл тэрийг нь шалгаж, тогтоодог тусгай газар бий. УИХ-ын гишүүд бол хүний үнэн, мөнийг шүүдэг хүмүүс биш. Харин Х.Тэмүүжин сайдын хувьд наашаа, дотогшоо ярихаас илүү гадагшаа олон нийт рүү их хандсан. Нам, УИХ, Засгийн газар биш өөрөө л бүх зүйлийг хийж байгаа мэтээр аашилж ирсэн учраас энэ хүн сайдын үүрэг гүйцэтгэх боломжгүй юм байна гэж дүгнэж байсан. Гэхдээ сүүлийн хэд хоног огцруулах талаар яригдаж эхэлснээс хойш тухайлбал, бүлгийн хурал, байнгын хорооны хуралдааны үед энэ хүн өөрийнхөө алдаа дутагдлыг маш сайн олж харсан, цаашдаа хэрхэн яаж ажиллах дээрээ ч өөр бодол санаатай болсон нь анзаарагдсан. Тэр нь шинэчлэлийн ажлыг сааруулах биш харин ч олныг хамарсан зөв зүйтэй ажил хийж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил өгсөн учраас түүнийг дэмжихээ илэрхийлсэн. УИХ-ын гишүүд “Яг тэр нь тэгсэн юм уу” гээд бүр нарийн юм руу ороод асуугаад явчихаар их төвөгтэй юм. Нээрэн л би чинь юу билээ гэж бодохоор байлаа. УИХ-ын гишүүд яг цагдаа хүн шиг сууж байлаа. Ямар асуудал хэлэлцэж байна, үүнд ямар байр сууринаас хандах вэ гэдгээ огоороод байна. Бүр хувь хүний үүднээс сониучирхсан байдлаар хандаж байгаа нэгэн байхад зарим нь улстөржөөд, ухаад байна. Хууль хяналтын байгууллагаас хийж байгаа ажлыг баахан ухаж төнхчихөөд “Тэнд ойлгомжгүй асуудал байх шиг байна. Дахиж нягтлая”гээд байна л даа.
Ц.Цолмон: Өөрийнхөө хүнд өөрөө хариуцлага тооддог байхаар АН-тай тохирсон
-Бидний хувьд аль нэг сайдыг огцруулах, хариуцлага тооцох талаар ярих гэж байгаа бол тухайн нам нь дотроосоо асуудлыг гаргаж ирдэг байя гэж тохирсон. Жишээ нь, Хууль зүйн сайдыг манай намын гишүүн огцруулах талаар тогтоолын төсөл өргөн барьсан. Гэтэл манай намын гурван сайдыг АН-ын 30 гишүүн хэдэн ч удаа асуудал яриад оруулж ирээд байж болохоор байна шүү дээ. Тэгэхээр хамтын ажиллагаа бүтэмжгүй болох талтай. Тэгээд ч сүүлийн үед Монголчууд бие биетэйгээ дайсагналцах арга барилаа л сайжруулаад байгаа болохоос хамтарч ажиллахаа сайжруулж чадахгүй байна. Тиймээс намууд хоорондоо зөвшилцөх хэрэгтэй. Нэг үгээр бол, Х.Тэмүүжин сайд алдаа дутагдалтай байхад бид өршөөж байгаа юм биш. Өөрийнхөө хүнтэй асуудлыг өөрөө тооц гэж шийдэж байгаа хэрэг. Товчхондоо, манай нам АН-ынхантай хамтарч ажиллах гэрээ байгуулсны хүрээнд өөрийнхөө хүнд өөрсдөө л хариуцлага тооцдог байхаар шийдсэн гэж ойлгож болно.
Х.БУЯН
Эх сурвалж http://www.info.mn
Зочин · 2014/05/11
Сонирхолтой мэдээ.