Гарааны бизнес, инноваци, шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч орон болох АНУ-тай манай улс хамтран ажиллахад үргэлж бэлэн байдаг.

Энэ ч утгаараа өнөөдөр АНУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески холбогдох албаны хүмүүстэй уулзаж хоёр талын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон.

Тухайлбал, АНУ-ын Startup Genome гарааны бизнесийн экосистемийн дата судалгаа гаргадаг, хөгжүүлэлт хийдэг энэ байгууллагатай Улаанбаатар хотын стартап экосистемийг олон улсад сурталчилах, “10,000 программист” төслийн хүрээнд мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлуудыг Элчин сайдад танилцууллаа.

Уулзалтад Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар тэргүүтэй албаныхан оролцлоо. АНУ-ын шинжлэх ухаан, технологийн парк болон инновацын төвтэй хамтын ажиллагаа тогтоож, туршлага судлахад АНУ-ын ЭСЯ гүүр болж өгнө гэдэгт албаныхан найдаж байгаагаа элчин сайд Майкл С.Клеческид уламжилсан юм.

Түүнчлэн Элчин сайд Майкл С.Клечески Улаанбаатар инновацын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Инноваци, шинэлэг санаа дэвшүүлэн стартап хийсэн залуучуудтай уулзан, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ.

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой тохиож байгааг дурдан өнөөдрийн уулзалтыг цаашдын урт хугацааны харилцаа, хамтын ажиллагааны эхлэл хэмээн бэлэгшээж байгаагаа Нийслэлийн удирдлагууд илэрхийлсэн юм.