Төв талбайн усан оргилуур ажиллаж эхэлжээ
2021/07/08
Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд ажиллахгүй байсан юм.
Тэгвэл өчигдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Цагийн хуваарь:
Өдөр 12:30-13:30, 16:00-18:00, орой 20:00-23:00 цаг хүртэл.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засварлана гэдэг нь ташаа мэдээлэл" гэв.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2022 он хүртэл нийт 13 тэрбум төгрөгийн өртөг бүхий том хэмжээний тохижилт, гэрэлтүүлгийн ажил хийхээр төлөвлөснөөс 2.99 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан. Үүний нэг нь уг хонцхтой цэцэрлэгт хүрээлэн юм.
Нийт 3.78 тэрбум төгрөгийг төсөвт өртөг бүхий уг төслийг хотын дарга асан С.Амарсайхан эхлүүлсэн бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажилд 2021 онд 500 сая төгрөг зарцуулахаар нийслэлийн төсөвт тусгасан юм.