“Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэний дараа Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй уулзаж, товч ярилцлаа.

-Монголын баг тамирчдын медалийн салхийг олимпийн эхний өдөр хагалж, олон жил өөрийн хүлээсэн олимпийн медалийг хүртсэнд Монголын ард түмэн ихэд баярлаж, баярын мэнд дамжуулж өгөөч гэснийг юуны өмнө уламжлая! 

 

- Баярлалаа! Намайг олон жилийн тууштай дэмжиж, итгэл урам өгч байсан Монголынхоо бүх ард түмэн, гэр бүлийнхэн, ах дүү нартаа, багш дасгалжуулагч, хамт олондоо туйлын их баярлан талархаж байна. 

 

- Та дэлхийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль танд бүгд бий. Харин ганц олимпийн медаль л дутуу байсан. Олимпийн медальтан болоод ямар сэтгэгдэл төрж байх юм?

 

-Олимпийн наадам, олимпийн медаль гэдэг бол тамирчин хүн болгоны зорилго, мөрөөдөл байдаг. Олимп дөрвөн жилд нэг л удаа болдог, дан шилдгийн шилдгүүд оролцдог болохоор медаль авна гэдэг тийм амархан зүйл биш. Миний хувьд 16 жил барилдаж, гурван олимпод хүч үзэж байж энэ эрхэм медальд хүрч буй болохоор сэтгэгдэл маш өндөр байна. 

 

-Ний нуугүй хэлэхэд бид олон жилийн тогтвортой амжилтад тань дасаад медаль авна гэдэгт итгэлтэй л байлаа. Бүүр олимпийн аварга болчих байх гэж ч дотроо бодож байсан. Хагас шигшээд Красникид хожигдоход юу нөлөөлөв? Ямар дүгнэлт хийгээд хүрлийн төлөө барилдаанд гарав?

 

-Миний хувьд Красникитай  барилдах явцдаа барьцаа алдаал л ялагдчихлаа. Хүрлийн төлөө тайван барилдана гэж багштайгаа ярилцаад гарсан.

 

-Ер нь Токиогийн олимпийн гол өрсөлдөгчөө хэнийг гэж тооцоолж байсан бэ?

 

-Бүгд л адилхан өрсөлдөгч, хэн нэгнийг илүү, эсвэл дутуу үнэлж болохгүй. Манай жингийн чансааны эхний дөрөвт бичигддэг жүдочид дөрвүүлээ хагас шигшээд гарч ирсэн. Бие биенийхээ барилдааныг мэддэг болохоор хэн нь ч хэнийгээ ялж болох ийм л нөхцөл бүрдсэн.

 

-Олимп, дэлхийн хос медальтай Монголын цөөхөн тамирчны нэг болсонд дахин баяр хүргэе!

 

-Баярлалаа! Цар тахлын энэ хүнд үед , ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпийн медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа. 

 

 

Ярилцсан “ Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Цэрэнсодномын Энхтүвшин.

 

2021 оны долдугаар сарын 24. Ниппон Бүдокан ордон, Токио хот