Өнөөдөр манай улсын 5 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө
2021/07/30
Өнөөдөр буюу долоодугаар сарын 30-нд манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.
08:00. Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага эхэлнэ. Тус төрөлд нийт 44 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр Ц.Анударь 287 оноогоор 29-р байр, О.Гүндэгмаа 283 оноогоор 38-р байранд жагсаж буй. (UBS, SBN, VTV)
10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жингийн эхний шатанд Ө.Дүүрэнбаяр зодоглоно. Тэрээр дэвжээний зургаа дахь барилдааныг 2018 оны ДАШТ-ий тавдугаар байрны шагналт Узбекистаны Бекмурод Олтибоевтой хийнэ.
Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д 2008, 2012 оны олимпын хошой хүрэл медальт, 2009, 2010, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Нидерландын Хенк Грол хүлээж байна.
Ө.Дүүрэнбаяр нь 2018 оны дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын мөнгөн медальтай. (EDU, STAR, TV9)
18:10. Усан спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд М.Дэлгэрхүү өрсөлдөнө. Тэрээр Малави, Эритри, Кипр, Филиппин, Босни ба Херцеговин, Армени болон Олимпын багийн тамирчидтай уралдана. (C1, ETV, TV5)
18:32. Усан спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд Б.Энххүслэн өрсөлдөнө. Тэрээр Гана, Антигуа ба Барбуда, Камерун, Сент Льюс, Замби, Фижи, Пакистан улсын тамирчидтай уралдана. (C1, ETV, TV5)