АН-ын "4-11" мэдээллийн хурал боллоо. Уг хуралд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр, АН-ын улс төрийн асуудал хариуцсан дэд дарга О.Чулуунбилэг нар оролцов. АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр Архангай аймгийн Засаг Дарга Д.Золжаргалыг огцруулах ажилд МАН-ынхантай хамтарсан АН-ын гурван гишүүнийг урвагч гэж нэрлээд, АН-ын Үндсэн Дүрмийн Хороо хариуцлага тооцох ёстой гэв.

Мөн тэрээр цагдаагийн албан хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан тухай :  " Хоёр ялтан нэгнээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуугарч, пүү паа гээд гүйж байсан. Тэр үеийн Хууль Зүйн сайд, одоогийн ЗГХЭГ-ийн дарга энэ ямар аймаар бузар булай, аймшигтай зүйл вэ? гээд халаглаад сууж байсан. Гэтэл өөрийг нь Хууль Зүйн Сайдаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 онд  хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг тамлан зовоосон цагдаа нарыг тэр хүн мэдээгүй өнгөрсөн болж таарах гэж байна. Ийм хариуцлаггүй байж болохгүй. Одоо бол Ц.Нямдорж сайдыг би өрөөндөө уйлаад сууж байгаа байх гэж бодож байна. Хоёр иргэнийг ямар аймшигтай зодоо вэ? Миний удирдлаган дор ажиллаж байсан цагдаа ямар аймаар харгислалыг үйлдээ вэ? гээд харуусаад суугаа байх гэж найдаж байна. Одоо энэ хүмүүстэй хариуцлага тооцох ёстой.

 

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой. Монголд цагдаа бэлтгэх бодлого алдагджээ.

 

Ц.Нямдорж иргэдээсээ уучлал гуйх ёстой. Ц.Нямдорж 5 удаа Хууль Зүйн сайд болохоор "Миний цагдаа" гэж өмчилж ярих их дуртай. Тэгвэл таны цагдаа иргэдийн эрхэнд ноцтой халдаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та шударга ёс гэж их ярьдаг. Та хууль засагладаг улс болгоно гэсэн. Хуулийн дээгүүр алхсан хэнтэй ч хариуцлага тооцдог болно гэсэн. Тэгвэл энэ Засгийн Газрын сайд нартай хариуцлага тооцооч ээ,  Өнөөдөр та аль нэг улс төрийн намын төлөөлөл биш болсон. Та Монгол Улсын хамгийн үнэтэй баялаг бол Монгол хүн гэж хэлсэн. Гэтэл тэр үнэтэй баялгийг чинь гэмтээж байна, үгүй хийх гэж байна. Одоо хэлсэн үгэндээ эзэн болж, болохгүй сайд нарт хариуцлага тооцооч ээ" хэмээсэн юм.

 

Харин АН-ын АН-ын улс төрийн асуудал хариуцсан дэд дарга О.Чулуунбилэг: "Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын хийж байгаа үйл явдлуудыг нь харахаар түүний удирдсан Засгийн Газар бол пиарын Засгийн Газар байна, энтертайнмент Засгийн Газар болж байна. Бодлогын ямар нэгэн тодорхой шинэчлэл, асуудлуудын шийдлийг ярихаасаа илүүгээр гоё реклам, гоё клип, сошиал троллуудаараа л үйл ажиллагаа хийж байна. Хүмүүсийн амьдрал яаж муудаж байгаа билээ, юмны үнэ яаж өсөж байгаа билээ, эдийн засаг ямар хориглолтонд орж байгаа билээ, гадаад бодлогын залгамж халаа яаж багасаж байгаа билээ гээд бүх зүйл дээр асуудлыг шийдэхийн оронд "Хэро" студи дээр хийсэн гоё юм цацдаг, ийм пиарын Засгийн Газар боллоо. Үүний үр дүнд Монгол төрийн бүх стандарт доошоо уналаа. Нэг хаалга хийчихээд "Ийм мундаг юм хийчихлээ" гээд сошиалаар цацдаг, нэг журам шинэчилчихээд ямар аугаа юм хийв ээ, А.Ариунзаяа сайддаа баярлалаа гэж талархал явуулдаг, гадагшаа ямар ч үр дүнгүй айлчлал хийчихээд, нэг нохой бэлгэнд авчихаад ямар мундаг гадаад айлчлал хийв ээ? гэж өөрийгөө хэвлэлээр магтдаг ийм л Ерөнхий Сайдтай, ийм л Засгийн Газартай байна. Тэгэхээр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлье. Ажлаа хийгээч ээ, асуудлаа шийдээч ээ, ард түмний амьдралыг сайжруулаач ээ. Тодорхой бодлогоо гаргаач. Энэ чигээрээ байх юм бол энэ намар гэхэд энэ улс орон маш хүнд байдалд орох нь.

МАН-ынханд, УИХ-ын гишүүдэд хандаж хэлье. Засгийн Газрынхаа ажлыг хийлгээч ээ, бүх юмыг пиараар хийдэг энтертайнмент Засгийн Газраа болохгүй бол солиоч ээ"  гэв.

Мөн тэрээр улс төрийн намын тухай хуулийг Монголын улс төрийн бүх намууд зөвшилцөлд хүрч, шинэчлэх хэрэгтэй хэмээн уриалсан юм.

 

Э.Мягмар