Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпийн XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ.

ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв.

Үүнд:

-“Токио 2020” Олимпийн наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм үйлчлэхгүй байгаа.

- Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэсэг /BTF/ нь өглөө бүр хөндлөнгийн аудитын төлөөлөгчид болон үнэлгээчдийн хамтаар өмнөх өдрийн тулаан бүрийн шүүлттэй холбоотой асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэн дүгнэж байгаа.

- Оноо тэнцсэн тохиолдолд хайнаа салгах дүрмийн дагуу буюу BTF-ийн дүрмийн 18.11.1-ийг үндэслэн ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн

- ОУОХ-ноос хараат бус гаднын аудиторын хяналт дор Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлуулан шалгахад нийт 6 үнэлгээчин бүгд санал нэгтэйгээр ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.

- Тус тулааныг шүүсэн шүүгчид нь дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж үзсэн тул шүүгчид анхааруулга өгөх, арга хэмжээ авах албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

МҮОХ нь Олимпийн наадамд оролцож буй шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалж, холбогдох дүрэм журмын хүрээнд зохион байгуулалтын ажлыг хийх үүргээ цаашид ч хичээнгүйлэн гүйцэтгэх болно.

Баг тамирчдаа дэмжиж, санал сэтгэгдлээ хуваалцаж буй эрхэм хөгжөөн дэмжигчид та бүхэнд талархлаа илэрхийлье. Та бүхний дэмжлэг наадмын сүүлийн өдрүүдэд өрсөлдөхөөр зэхэж буй баг тамирчдад урам өгч, амжилтын буухиагаа тасралтгүй үргэлжлүүлэх эрчим нь болно гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО