Токиогийн Олимп өндөрлөж, бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өглөө. Олимпын наадмын медалийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл ширүүн өрнөж, АНУ-ын баг сүүлийн өдөр гурван алт авснаар багаараа тэргүүн байрт бичигдэв.

Харин зохион байгуулагч Япон улс 27 алт, нийт 58 медальтайгаар гуравт жагсаж, түүхэн дэх хамгийн амжилттай Олимпоо үдлээ.Наран орны баг тамирчид 1964 онд нутагтаа болсон Олимпоос 16 алт, 29 медаль хүртсэн нь өмнөх дээд амжилт байв. 

Бермуд, Филиппин, Катар улс Олимпын анхны аваргуудаа өлгийдөн авсан бол Фуркина Фасо, Сан Марино, Туркменистан улс түүхэндээ анх удаа Олимпоос медаль хүртэв. Нийт 93 улс медаль хүртэж, 113 улс медалийн гадна үлдэв.

Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдлээ. Олимпын наадмын үед дэлхийн дээд амжилт 24 удаа эвдэгджээ. 

 

"ТОКИО-2020" МОНГОЛЫН БАГИЙН АМЖИЛТЫГ ИЛЭРХИЙЛЭХ БАРИМТУУД

  • Монголчууд энэ Олимпод спортын 10 төрөлд өрсөлдсөн нь шинэ дээд амжилт бол 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилттай зэрэгцжээ. Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа Олимпод оролцсон нь онцгой амжилт болов. 
  • Түүхэнд анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүллээ. Тухайлбал, 43 тамирчны бараг 60 хувь буюу 25 нь эмэгтэйчүүд байв. Өмнө нь Бээжингийн Олимпод хүйсийн харьцаа тэгш буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд бусад Олимпод ямагт эрчүүд жин дарж байв. 
  • Мөн анх удаа эмэгтэй тамирчин нээлтийн ёслолд Монголын багийн тугийг заллаа. Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан анхдагч болж түүхэнд тэмдэглэгдэв.
  • Монголын 43 тамирчны 16 нь Олимпод оролцож үзсэн туршлагатай бол 27 нь Олимпын дэвжээг анхлан мэдэрлээ. 
  • Жүдочид хамгийн том буюу 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, түүхэндээ хамгийн олон буюу гурван медалийг хүртлээ. Одоогоор жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль эх орондоо авчраад байна. 
  • Монгол Улс анх удаа легионер тамирчинтай Олимпын наадамд оролцов. Монголын иргэн болсон иран бөх Саид Моллай зүгээр ч нэг оролцох бус, мөнгөн медаль хүртэж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. 
  • Буудлагынхан анх удаа дөрвөн тамирчинтай оролцлоо. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь Олимпдоо онч сорьж, хожим эвдэхэд бэрх амжилтыг тогтоов. 
  • Жүдоч М.Уранцэцэг, чөлөөтийн Б.Болортуяа нар Олимп, дэлхийн хос медальтай 18, 19 дэх тамирчид болов. Өмнө нь Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, Д.Мөнхбаяр, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Н.Төгсцогт, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ, Д.Сумъяа, Д.Отгондалай гэсэн 17 тамирчин л энэ амжилтад хүрч байжээ. 
  • Монголын чөлөөтийнхөн хамгийн хүнд жинд анх удаа Олимпын наадмын медалийн төлөө барилдлаа. Шинэ түүх бичиж, шинэ итгэл найдвар төрүүлсэн М.Лхагвагэрэл хаалтын ёслолд Монголын багийн тугийг залах хүндтэй үүргийг хүлээгээд байна. 
  • Монголын тамирчид дөрвөн медаль хүртсэнээс гадна өөр зургаан хүн медалийн төлөө өрсөлдөв. Тэд бол боксчин Э.Цэндбаатар, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, С.Батцэцэг нар. Тэдний аль нэг нь л дахин ганц ялалт байгуулсан бол медалийн тоо нэмэгдэх байв. Нэг дор ийм олон тамирчин медалийн төлөө өрсөлдсөн тохиолдол Монголын Олимпын түүхэнд байсангүй. 
  • Монголын тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрлөөр Олимпын наадмаас медаль хүртэж байв. Тэгвэл ТОП дөрвөн төрөл ТОП тав болох тун дөхлөө. Хэрэв М.Анхцэцэг сүүлийн захиалгаа өргөсөн бол хүндийг өргөлт Олимпын медальт спорт болох байлаа. Гэхдээ М.Анхцэцэг Парисын Олимпод зорилгодоо хүрэх биз ээ. 
  • -Энэ Олимпыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм. 
  • Монголчууд өмнө нь Олимпын наадамд эмэгтэй шүүгчтэй оролцож байгаагүй. Харин энэ Олимпыг дэнсэлсэн таван шүүгчийн дөрөв нь эмэгтэй байж, түүхийн шинэ хуудас нээв.
  • Монголчууд 2008 оноос хойш анх удаа ОУОХ-ны гишүүнтэйгээр Олимпын наадамд оролцов. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг 2020 онд ОУОХ-ны гишүүн болсон бөгөөд “Токио-2020” түүний ОУОХ-ны гишүүний хувиар оролцсон анхны Олимп байв. Тэрбээр Монголын багийн сүүлийн медалийн эзэн Б.Болортуяад медалийг нь гардуулан өгсөн юм.

 

Эх сурвалж: МҮОХ