Налайхын замын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр явган хүний гүүрэн гарц барих асуудлыг УИХ-д танилцуулна
2021/08/20
Налайхын замын дагуух явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээний асуудлаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Налайхын замыг би хурдны замын стандартаар баригдсан гэж бодсон. Гэвч сүүлдээ хот доторх замын стандарт болж хувираад 60 км/ц-ийн хурдтай явж, хурд сааруулагч, гэрлэн дохиотой болно гэсэн.
Налайхын замд маш их зам тээврийн осол гардаг. Тус замаар Ази, Европыг холбосон худалдааны том автомашинууд зорчдог. Гэтэл тэнд автомашины зорчих хурдыг 60 км/ц байхаар тогтоовол улам их осол гарах вий гэж болгоомжилж байна.
Тиймээс энэ асуудлыг яаралтай УИХ-ын гишүүдэд танилцуулж, замын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүүрэн гарц хэлбэрээр явган хүний гарцыг шийдэх санал оруулна. Энэ ажлын өртөг нь нэлээд өндөр гарах магадлалтай.
Гэхдээ тус зам дагуу нүхэн гарц хийж болохгүй. Учир нь зун нь уулын амны усны үер, өвөл нь цасны хунгар тогтох эрсдэл бий. Ингэвэл эргээд иргэдэд хүндрэл учруулна. Харин хүндрэлгүй байх ганц арга нь замын дээгүүр явган хүний гүүрэн гарц барих явдал юм.
Хэрэв тус дээр шууд гэрлэн дохио тавьж, хурд сааруулагч хийвэл дараа нь гарах үр дагавар нь илүү их хор хохиролтой байх болно.
Ер нь 15 жил өөрчлөгдөөгүй Улаанбаатар хот доторх замын стандартыг Зам тээврийн хөгжлийн яамнаас өөрчилж, маш тодорхой болгож өгөх бодлого гаргах ёстой. Улаанбаатар хотын замын стандарт гэж ганцхан нүүр хуудас байдаг. Гэтэл АНУ-ын орон нутгийн зам болон хотын замын стандарттай холбоотой ном нь маш зузаан байдаг. Энэ талаарх бодлого зөв байх ёстой талаар ЗТХ-ийн сайд Л.Халтарт хандаж, удаа дараа хандаж, албан бичиг өгч байгаа" хэмэн ярилаа.