З.Баянсэлэнгэ УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдов
2014/05/13
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан санал авах, чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
“Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, заалтаас харахад ХДХВ, ДОХ-өөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна. Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна” хэмээн Баянгол дүүргийн иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн аж.
Энэ мэдээллийг Үндсэн хуулийн цэц шалгаад, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон аж. Байнгын хорооны гишүүд уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилох нь зүйтэй гэж үзсэн байна.