Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. 

Тус хурлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын 3 дугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудал болон зохион байгуулалттай холбоотой асуулт, санал хүсэлтэд хариулт өгсөн юм.

Тухайлбал коронавируст (Ковид-19) халдварын дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй анхаарах асуудал юм. 

Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардлыг танилцуулж хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

 

 

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ, мөн НЭМГ-аас багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын дадлага сургалтын талаар мэдээлэл хийсэн юм.

Хурлын хүрээнд бусад томоохон асуудлаар холбогдох албаныхантай мэдээлэл солилцсон бөгөөд НОК-ын шуурхай штабаас эрүүл мэндийн чиглэлээр дараах үүрэг даалгаврыг өглөө.

 

 

Үүнд:

 

-08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3-р тунд Пфайзер, Синофрам вакцинаар зорилтот бүлгийн болон 55-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулахтай холбогдуулан дүүргүүдэд нэмэлтээр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангах, хамрагдвал зохих иргэдийн төлөвлөлтийг гаргах, улмаар хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй, бухимдал чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулах, вакцины нөөцийн бэлэн байдлыг хангах, татан авалтыг хийх,

 

-Дүүргийн Боловсролын хэлтсээс харьяа сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багийн гишүүд, орлон ажиллах хүмүүсийн судалгааг гаргаж ирүүлэх,

-Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг судалгааг дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэдээлэл технологи хариуцсан ажилтанд хүргүүлэх, /ингэснээр тухайн эмчид ГЭРЭГЭ системд орох эрх олгогдож, сургууль, цэцэрлэг дээр батлагдсан тохиолдол /багш, хүүхэд/-ын ойрын хавьтлын мэдээллийг оруулах боломж бүрдэнэ/

 

-ДОКШШ-с харьяа дүүргийнхээ сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт хийж, үр дүнг албан бичиг, илтгэх хуудсаар НОКШШ-д ирүүлэх,

-Дүүргийн тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийн тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай нөөц /хүн, автомашин, тоног төхөөрөмж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуут дохиолол/-ийг бүрдүүлэхэд анхаарч, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэх мэт.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж энэ хүрээнд:

- Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач, тархвар судлаач эмч болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар сургалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн эмч нартай тогтмол мэдээлэл солилцож, мэргэжил арга зүйгээр хангах, 

 

ДЭМТ-өөс сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багтай ажлын уялдаа холбоог сайжруулах, ачаалал нэмэгдсэн үед ажлаа зөв хуваарилах, батлагдсан тохиолдлын тоо ихэссэн /ялангуяа хүүхдийн/ үед өрх, дүүрэгт ирэх ачааллыг багасгах, 

-Сургалтад оролцсон эмч нарын бүртгэл, судалгааг бүрэн авч, шаардлагатай үед дайчлан ажиллуулах талаар анхааруулж үүрэгжүүлэх, 

-ӨЭМТ-үүд харьяа сургууль, цэцэрлэгийн эмч нар видео хичээлийг авсан эсэхэд хяналт тавьж, харилцаа холбоотой ажиллах үүрэг даалгаврыг өгсөн байна.