“инновацлаг Улаанбаатар” аянд баянгол дүүргийн аж ахуйн нэгжүүд нэгдлээ
2021/08/31
"Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
Үүний хүрээнд iUB аяныг хэрэгжүүлэн Баянгол дүүргийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр тус дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Сургалтаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг танилцуулсан юм. Тухайлбал, Хорека софт ХХК, Рете ХХК, Чатбот ХХК зэрэг Улаанбаатар инновацын төвийн дэргэд бойжигч эдгээр компаниуд өөрсдийн хөгжүүлсэн онлайн платформ, ухаалаг утасны аппликейшныг Баянгол дүүргийн аж ахуйн нэгжүүдэд санал болгон, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суурилуулж, хамтран ажиллах санал тавилаа. Энэ компаниудын үйлчилгээг сонгосноор үйлчилгээ эрхлэгч иргэн Та интернетийн хязгааргүй боломжийг ашиглах боломж нээгдэж, хэрэглэгчдэд амар хялбар үйлчилгээг үзүүлэх давуу талууд бий болох юм.
Баянгол дүүрэгт ойролцоогоор 2000 гаран аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн арга хэмжээнд 50 орчим нь оролцлоо. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар гадаад, дотоодын амжилтад хүрсэн бизнес эрхлэгч эрхмүүдийн тухай сонирхолтой илтгэлийг танилцуулж, цаашдын бизнест нь амжилт хүссэн юм. Мөн тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бат-Өлзий, албан хаагчид өнөөдрийн арга хэмжээнд оролцлоо.