Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ
2021/09/13
Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ.
Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна.
Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж.