Хэн билээ нэг нөхөр монгол бөхийн барилдаан ер нь болох болов уу гэж асууж байна. Яагаад ингэж асуусныг нь ухан бодвол бөхийн хүрээнд эрээнтэй бараантай олон юм байгаа учир ийм эргэлзээ байх шиг.

Ардын Хувьсгалын 100 жилийн ойн бөхийн барилдааныг таслахгүйн үүднээс чансаа өндөр 1024 бөхийн барилдааныг Хүй долоо худагт зохион байгуулснаас хойш бөхийн хүрээнд юу ч болоогүй мэт нам гүм. Харин саяхан хөдөлмөрийн баатар, Ардын багш, аварга О.Балжиннямыг  бөхийн холбооны дэд тэргүүн болголоо гэсэн мэдээ сонслоо.

Бас Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболдод урьд нь өгсөн аварга цолыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг үндэслэн хураажээ.

Тун хүлээлэлтэй юм тэр байсан л даа. Нэг том маргааны үүд хаалга хаагдлаа гэсэн үг. Одоо зуны ганц барилдааны үеэр шөвгийн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу хир тортоггүйхэн ирчихвэл болох нь тэр. Хоёр ч 100 жил гэсэн тодотголтой болсон уг барилдаанд цолны болзол хангасан бөхчүүдэд улсын цолыг өгч магадгүй гэж Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын хэлсныг нэг удаа сонссон.

Хөөцөлдөж яваа л гэсэн. Олголоо гэхэд буруудах юмгүй л байх.

Харин Э.Оюунболдын цолыг хураалаа гээд түүнд дээгүүр даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох тухай яриа бий. Баяр наадмын хуульд нэгэнт орсон болохоор хэрэгжүүлэх ёстой юу гэхээс биш даваа аваагүй бөхөд цол хүртээнэ  гэвэл зохистой биш гэж бөх сонирхогчид бид ярьдаг юм.

Допинг гэдэг юм дээр үед байгаагүй учир энэ тал дээр уламжлал энэ тэрээ гэж юу ч хэлэхэв. Уг нь таавраар даваа өгч байгаа хэрэг. Хэрэггүй л дээ. Нөгөө талаар бөхийн холбоо шуурхай ажилламаар л байна. Аймгуудад болсон барилдаанууд будилиантай болсон юм гэдэг. Хэн будлиан гаргав. Түүнд ямар арга хэмжээ авав гэдэг хүлээлттэй байгаа. Хөвсгөлийн барилдаанд нэг нь нөгөөгөө барилдах биш дэлсээд унагаж байгааг сошиалаас харсан. Дорнодод харцага Д.Анар ёс бус авирлалаа л гэсэн.

Тэр бүхэнд дор дор нь арга хэмжээ аваад мэдээлчихэж байвал монгол бөхийн нэр хүндэд нэмэртэйсэн. Бөхийн холбооны ажил амьд байгаа нь харагдана шүү дээ. Бөхийн эргэн тойронг цэвэршүүлэхсэн гэсэн үүднээс энэ бяцхан захидлыг тэрлэллээ. 

 

  Н.Өлзий (бөх сонирхогч) 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин