Монголын “Positive Gaming” дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ
2021/10/05
Е-спортын Дэлхийн шилдэг 10 багийн жагсаалт улиралд бүрд шинэчлэгдэж байдаг бөгөөд Монголын “Positive Gaming” багийн залуус багаараа 1500 гаруй тоглолт хийж, 92 хувьд нь ялалт байгуулснаар дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтад багтжээ.
Тэд дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох зорилттой бөгөөд 2022 онд Ази тивийн томоохон тэмцээн бүрд оролцохоор бэлтгэл ажлуудаа эхлүүлжээ.
“Positive Gaming” баг 2021 оны 6 дугаар сард бэлтгэл хийхээр Турк улсын Истанбул хотыг зорьсон. Тэд өнгөрсөн 90 хоногийн хугацаанд Европын шилдэг багуудтай өрсөлдөж, шилдэг 10-т бичигдсэн төдийгүй тус багийн 3 тоглогч дэлхийн шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтжээ.
Багийн тоглодог “Mobile Legends” нь дэлхий дахинаа 100 сая гаруй тоглогчтой гар утасны тоглоом юм. Уг тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог бөгөөд энэ жилийн шагналын сан нь 3 тэрбум төгрөг аж.
Энэ багийнхан "Mobile Legends" тоглоомын Монголын шилдэг баг бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд дотоодын 7 тэмцээнд оролцож бүгдэд нь тэргүүн байр эзэлсэн. Ийнхүү тэд мобайл и-спортын төрлүүдээс хамгийн анх удаа гадаад улсад бэлтгэлийн байртай болсон юм байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг