Ч.Санжаадамба: Бөглөрч уначих гээд байхаар нь хүчлээд нэг орилсон
2021/10/18
Улсын аварга Ч.Санжаадамба “Гүндүүгүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо нэгэн сонирхолтой барилдааныхаа тухай хуучилжээ. Тэрээр "Барилдаж байхад сонин юм их болно.
Тээр жил Булганд Н.Түвшинбаярын мялаалга наадамд очиж барилдаад үзүүр түрүүнд М.Баяржавхлан гардитай хүч үзлээ. Гарди чинь том биетэй хүн шүү дээ. Тухайн үед манай үеийн залуус унагаахад хэцүү байсан.
Удаан барилдсаны эцэст нэг юм даваад тахимаа авах гэсэн чинь багтраад амьсгалж чаддаггүй. Бүр бөглөрч уначих гээд болохгүй болохоор нь хүчлээд нэг сайн орилсон чинь ашгүй нэг юм амьсгаа авахтайгаа болдог юм. Жавхаа ах өвчтэй амьтан шиг гэнэт орилохоор их гайхсан байх.
Би ч өөрөө санаа зовсон гэж жигтэйхэн. Тэгээд нэг юм уужирч аваад дараа нь ахад очиж юу болсныг тайлбарлахад инээгээд байсан" гэсэн байна.
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин