Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн урьдчилгааг 20% болгох эцсийн шийдэл гараагүй байна
2021/12/16
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцуулах үеэр ипотекийн зээлийн талаар төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчийн асуултад хариуллаа.
2021 оны байдлаар ипотекийн зээлийн хүрээнд 12,400 өрхөд олгосон санхүүжилтийн хэмжээ 960 орчим тэрбум буюу нэг их наяд төгрөгт дөхөж очсон нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн өндөр дүн болохыг тэрбээр онцоллоо. ОУВС-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Монголбанк 2022 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын зорилтдоо 2023 оноос уг хөтөлбөрийг Засгийг газарт шилжүүлэх талаар тусгаад буй. Харин одоогоор хариуцах яам, агентлаг шийдэгдээгүй тул ирэх ондоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ.
Ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг 20% болгох талаар "Энэ талаар Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам гэгчлэн холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ хийгээд явж байгаа. Ипотекийн зээлийн төлбөрийг урт хугацаанд тэгш хувааж төлдөг. Одоогийн байдлаар уг зээлд сард төлж байгаа дундаж мөнгө 480 мянган төгрөг байгаа. Хэрэв урьдчилгаа багасвал сард төлөгдөх дүн өсөөд явна. Тиймээс 20% болговол үлдсэн 10% дээр зээлийн батлан даалтын сан ч юм уу ачаалалгүй байдлаар шийдэхээр яригдаж байгаа ба ийм байгууллага орж ирвэл ажиллах боломжтой. Одоогоор нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэдэг эцсийн шийдэл гараагүй байна" хэмээн Б.Лхагвасүрэн хэллээ.