АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, АН-ын ХЭГ-ийн дарга А.Цэрэнбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг: “Өчигдрөөс буюу 12-р сарын 22-ноос эхлэн 30 хүртэл манай нам “Нээлттэй микрофон” арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр ЖДҮ-гийн сэдвээр болсон. Цаашид үг хэлэх эрх чөлөө, давхар стандарт, хэлмэгдүүлэлт, хүний эрх, эрх чөлөө, жендерийн эрх, Э.Бат-Үүлийг сулла, үндэсний эрх чөлөөний өдөрт гэх мэт сэдвээр 15.00 цагаас С.Зоригийн хөшөөний өмнө болох тул иргэдээ урьж байна” хэмээсэн юм.

 

Мөн энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: " Саяхан буюу 3 хоногийн өмнө Улсын Дээд Шүүх хуралдаад, АН-ын нэрийг барьж, АН-ын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүсийн өргөн мэдүүлсэн, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэх гэсэн материалыг хүлээн авахаас, бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. АН нэг л эрх зүйн бүртгэлтэй байгаа. Цаашид эрх зүйн чадамжгүй ямар нэг этгээдүүд АН-ын нэрийг барьж, үйл ажиллагаа явуулахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр гурван удаа хандсан ч Улсын Дээд Шүүх танай намын маргаантай холбоотой асуудал шийдэгдээгүй байна гэсэн хууль бус хариу өгч, бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй байна. Улсын Дээд шүүхэд ийм хяналтын үйл ажиллагаа явуулах эрх хуулиар олгогдоогүй. Иймээс цаашид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна гэж найдаж байна.

 

С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн тогтоол хэвээрээ байгаа.

 

М.Тулгатын бүртгэлтэй холбоотой хоёр асуудал үүссэн. Нэгдүгээрт, бүрдүүлбэр хангах хуулийн дүрэм, журам бий. Бүрдүүлбэр хангах материал дээр манайх дутуу материал байсан. Түүнийгээ гүйцээж өгөх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр гарын үсэг зураад аль нь ч сонгогдсон ямар нэгэн гомдол, саналгүй, бид хоёрын аль нэгийг бүртгээд өгөөч гэж Улсын Дээд Шүүхэд албан бичгээр хүргүүлсэн юм байна лээ. Энэ нь АН-ын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг.

АН-ын даргын суудал гэдэг бол наймааны хэрэгсэл биш. Хуультай, дүрэмтэй улс орон юм бол, дүрэм, журамтай нам юм бол түүнийхээ дагуу л явах ёстой.

 

М.Тулгатад өнөөдөр хууль ёсны АН-ыг төлөөлж, хэрвээ О.Цогтгэрэлийг бүртгэчихвэл гомдолгүй гэж хэлэх эрх байхгүй.

 

М.Тулгатын энэ үйлдэлтэй холбоотойгоор АН-ын Үндсэн дүрмийн Хороо удахгүй хуралдана. Тэгээд М.Тулгатын асуудлыг хэлэлцээд, дараа нь АН-ын удирдлагын баг шийднэ. Хэрэв дүрэм зөрчсөн гэж үзвэл түүнд хариуцлага тооцно  " гэв.