Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа. 

 

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа 30-р их хурал дээр хэлмэгдэгсдийн ар гэрээс уучлалт гуйсан. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бэ?

 

Уучлалт гуйна гэдэг бол улс төрийн соёл. 1996 онд тухайн үеийн УИХ-ын дэд дарга Ц.Элбэгдорж анх удаа ард түмнээсээ уучлалт гуйж байсан. МАХН буюу МАН-ын дарга, Ерөнхий Сайд байх үедээ С.Батболд: “Та нарыг хэлмэгдүүлчихлээ” гэж зөвхөн намынхаа гишүүдээс уучлалт гуйж байсан. Одоо бас МАН-ын дарга нь ингээд уучлалт гуйж байна. Уучлалт гуйх нэг хэрэг, амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал. Гэтэл амьдрал дээр уучлалт нь хэрэгжихгүй, худлаа болоод байна. Олон жил ингэж бие, биенээ хуурч яваад би сэтгэл дундуур байдаг. Иргэн, хувь хүнийхээ хувьд бол хүлээж авна. Гэтэл улс төрийн учир шалтгаанаар ч гэдэг юмуу бодитой уучлалт ард түмнээсээ гуйсангүй. Зүгээр амаараа нэг өгүүлбэр л хэллээ шүү дээ.

 

 

Ард түмнийхээ эсрэг цуст яргалал, сэхээтнүүдийнхээ эсрэг ялт үйлдлүүд хийчихсэн атлаа энэ бүхнээсээ уучлалт гуйсангүй. Бодитой хэлж гуйх ёстой. Төчнөөн мянган хүнийг хэлмэгдүүлчихлээ, шинэ бойжиж байсан сэхээтнүүдээ хэлмэгдүүлчихлээ, газар нутгаа гадаадынханд өгчихөж,  энэ бүхэндээ уучлалт гуйж байна, дахиж ийм явдал гаргахгүй гэх ёстой. Ингэвэл өөр асуудал. Зүгээр уучлалт гуйх нь бодит үйл хэрэг биш. 

 

 

Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан явдалд та ямар байр суурьтай байна?

 

Хойч үедээ бид бодитой, үнэн зүйлээ л ярьж байх ёстой. Түүнээс бус дандаа хуурсан, зальдсан, бултсан, зогсоосон, гацаасан байдлаар асуудалд хандаж болохгүй. Төрийн өндөрлөг, төр удирдаж байгаа эрх баригч нам нь ч, хувь хүн нь ч адилхан бодитой байх ёстой. Энэ Ю.Цэдэнбал гэдэг хүн магадгүй хэн нэгний, хэсэг бүлэг хүний ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө хайртай хүн байж болно шүү дээ. Өмнөх нийгмийн гарамгай удирдагч, коммунист хөдөлгөөнийг шүтсэн, магтсан хүн байж болно. Гэхдээ өнөөдөр бид урд түүхээсээ нэг хүнийг тахин шүтэх нь ямар аймшигтай вэ гэдгийг ойлгочихсон. Одоо коммунист удирдагч, хэлмэгдүүлэгч, дарангуйлагч хүнийг магтан дуулдаг, тахин шүтдэг, мөн цагаатгадаг асуудал байж болохгүй. Энэ бол эх орон, тусгаар тогтнол, үндэснийхээ эрх ашгийн төлөө хэлмэгдсэн, тэмцсэн олон мянган шударга хүмүүсийг үгүйсгэж байна гэсэн үг.

 

Тухайн үеийнхээ нийгмийг шүүмжилж, хүний эрх, шударга ёс ярьж, өөрчлөлтийг хүссэн хүмүүсээ бид цуст яргалал үйлдэж хэлмэгдүүлсэн. 1930, 1940-өөд оны үйл явдалд оролцсон, зохион байгуулсан удирдлагын бүрэлдэхүүнд энэ хүн байсан шүү дээ. Тодорхой гэмт хэргийн зүйл дээр гарын үсэг зурсан, олон хүнийг хэлмэгдүүлсэн, өрөөндөө байцааж байсан гэх мэт маш олон баримт байдаг. Гэтэл ийм хүнийг хэсэг бүлэг хүний шаардлагаар Монголын төр цагаатгаж байна гэдэг бол байж болшгүй асуудал. Энэ бол дэлхийн ардчилсан түүхэнд байхгүй. Хуучин социалист орнуудын удирдагч нарыг цагаатгасан гэдэг асуудал дэлхийн түүхэнд байхгүй. Анх удаа Монголчууд гаргаж байна. Бараг Геннисийн номонд орохоор болчихлоо. Энэ нь эргээд Монголын ардчилалд аюул дагуулж байна. Хүнээ яргалж, сэхээтнүүдээ шоронд хийж, энд тэнд цөлж байсан хүн өнөөдөр цагаатгагдчихаар хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийнх нь сэтгэлийн шарх сэдэрч байгаа байхгүй юу. Хэлмэгдэгсдийнхээ ясыг өндөлзүүлж байна шүү дээ. Энэ бол маш буруу. Үүнийг Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо эрс эсэргүүцэж байгаа. Иймээс ч энэ хүний холбогдолтой баримтуудыг сошиалд тавьж, мэдэгдэл гаргасан. Уг нь энэ хүнийг цагаатгасан мэдээг хамгийн түрүүнд мэдэх ёстой байгууллага бол цагаатгалын холбоо. Цагаатгах асуудал яригдаж байхад манай байгууллага Сүхбаатар дүүргийн шүүх дээр очиж шүүгчтэй нь уулзъя гэхэд уулзүулаагүй. Туслах нь энэ асуудал яригдахгүй, ардчилсан нийгэмд ийм байж болохгүй гэж надад хэлж байсан. Тэгээд хэрвээ энэ асуудал босч ирвэл бид оролцоно шүү, дуу хоолойгоо хүргэнэ шүү  гэсэн. Гэвч биднээс нууж, далдуур хийсэн. Үүнд төр оролцоод байгаа юм.

 

12 сарын 6 бол Ардчиллын төлөөх намууд нэгдсэн өдөр. Яг энэ өдөр тэр хүнийг цагаатгасан тогтоолыг гардаж авч байгаа байхгүй юу. Энэ бол доромжлол. Ардчилсан намын мянга, мянган гишүүдийг доромжилж байгаа доромжлол. Улс төрийн соёл алга. Үүнийг эсэргүүцэж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дээр бичгээ өгсөн юм. Үүнтэй холбогдолтой шийдвэрээ өгөөч ээ гэхэд “Хариу өгөхгүй” гэсэн. Уг нь манай байгууллага авах үүрэгтэй. 1998 оны УИХ-ын тогтоол, Засгийн газрын 1998 оны 21-р тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой субьект нь манай байгууллага. Засгийн газар, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо гээд заачихсан байгаа. Манайх Засгийн Газрын тогтоолд орчихсон байгууллага. Бид хэлмэгдсэн хүмүүсийн мэдээллийг авах ёстой. Гэтэл Ю.Цэдэнбалыг нууцаар цагаатгаад, хулгайн аргаар, ард түмнээ залилж, хуурчихаад МАН 30-р их хурал дээрээ А.Ариунзаяа сайд албан ёсоор,  баяр бахдалтай зарлаж байгаа юм. Энэ чинь ард түмнээ доромжилж байна гэсэн үг шүү дээ. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд гэдэг чинь өмнөх нийгэмд буланд шахагдчихсан, нийгмийн хог шаар болчихсон, боловсрол эзэмших боломж байхгүй байснаас дийлэнх нь ажилгүй, мэргэжилгүй байдаг. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандсан. Хүний эрхийг хамгийн их зөрчсөн улс төрийн хүчин өнөөдөр хүний эрх яриад эхэллээ. Энэ бол их заль. Хамелион шиг өөрчлөгдөөд байгаа хэрэг. Улаан байснаа ягаан болж, ягаанаас цэнхэр болж ардчилал, хүний эрхийг хамгаалдаг болж дүр эсгэж байна. Энэ дүр исгэлт Монголын ардчиллыг аюулд оруулж, гажуудуулах гэж байна. Ерөөс Монголын ардчиллыг гажуудуулагч нь МАН болчихлоо. 

 

Та Ю.Цэдэнбалын үйл хэргийг хэрхэн дүгнэдэг вэ?

 

Бид Ю.Цэдэнбалыг цагаатгаж болохгүй гэсэн 10 үндэслэл тавьсан. Тэр хүний сайндаа Монголыг 44 жил удирдаагүй. Нийгэм нь өөрөө нэг хүнийг тахин шүтдэг, нэг хүнээр удаан удирдуулдаг байсан. Тэгтэл энэ хүн хүний эрхийн 41-н зөрчил гаргасан байдаг. Бидэнд баримт бий. Шаардлага гарвал бид шүүхэд гаргаж тавина. Энэ асуудал даамжраад явбал олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Өөрөө хэлбэл Монголын ардчилалд өнөөдөр юу учраад байгааг дэлхий нийт энэ үйл явдлаар харчихсан байгаа. Энэ хүн Монголын нийгмийг урагшлуулах оюунлаг сэхээтнүүдээ шат дараалуулан хэлмэгдүүлсэн. Өөрийнхөө өрсөлдөгч нарыг устгасан гэсэн үг. Ингэж байж 44 жил төрийг удирдсан. Улс орны хөгжлийг эдийн засгаас илүүтэй хүний хөгжлөөр нь хэмждэг болсон. Гэтэл оюунлаг хүмүүсээ устгаж ирсэн манай улсын хөгжил 70 жил царцанги байсан шүү дээ.

 

Өнөөдөр Ю.Цэдэнбалд Монголчуудын хийсэн бүх зүйлийг наагаад байна. Гардан хийсэн гэвэл тэр хүнд хар зүйлүүд нь байгаа. Төрсөн газар нутгаа Оросод өгсөн. Түүнээсээ болж Гадаад явдлын яамны сайд асан С.Аварзэд гуайг хэлмэгдүүлсэн. Сүүлд 1980-аад онд хорлосон шүү дээ. Энэ бүхэн энэ хүнтэй холбоотой. Монголд ер нь дарангуйлал тогтчихлоо. Хэн эрх барьж буй нам нь дарангуйлдаг боллоо. Одоо хүмүүс айгаад МАН-д элсдэг болж байна. Иргэд сонголтоо ч хийж чадахаа байсан. Эдийн засгийн дэмжлэг үзүүлдэгт нь саналаа өгдөг болсон. Энэ чинь л дарангуйлал. МАН бол үргэлж хуульчилсан хэлбэрээр дарангуйлж явсан нам. Ардын хувьсгал бол 1921-1924 оны хооронд богинохон амьдраад дууссан. 1924 онд Оросын үндсэн хуулийг шууд хуулж, хуульчилсан төрийн эргэлт хийсэн. Энэ үеэрээ феодал, лам нарыг устга гээд устгасан. Оргил цэг болох 1937-1941 онд олон лам нарыг устгасан шүү дээ. Албан бусаар зуу мянга орчим лам байсны гуч гаран мянгыг нь шүүхээр шийтгээд 14000-г нь шууд буудан хороосон. Ийм аймшигт хэрэг үйлдсэн нам өнөөдөр хүний эрх яриад, өөрчлөгдөөд, хувираад, зальдаад, төрийг л барьж байвал ард түмнийг юу ч гэж хуурч болно гээд явж байна. Урд зүгийн лидер нь хэлсэн шүү дээ.

 

 

Ард түмэн бол цагаан цаас түүн дээр юу ч гэж эрээчиж болно гэж. Яг тэр замналаар яваад байна. Тэгэхээр бид хамгийн гол нь ийм дарангуйллын тогтолцоогоо л зогсоогооч ээ л гэж байгаа юм. Ганцхан Ю.Цэдэнбал ч биш. Дарангуйлагч хүнийг цагаатгаж байна гэдэг чинь ард түмнээ хэлмэгдүүлэх нь зөв, алах нь зөв, эх орончдоо устгах нь зөв гэдгийг нотолж байгаа хэрэг болчихож байгаа юм.

 

 

Хэрвээ түүнийг цагаатгаад, энэ нь бодит болчихож байгаа юм бол. Бид бол түүнийг цагаатгасан гэдэг хууль эрх зүйн баримт бичгийг авах гэж оролдож байна. Бид Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн тамгын газрын даргад хандсан. Гэтэл хариу өгөөгүй. Ил тод гарчихсан шийдвэрийг нуугаад байдаг нь яаж байгаа юм бэ? Тийм учраас бид Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад хандсан. ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам гэдэг хүн хэр шударга хандахыг нь харна. Хэрвээ энэ хүн шударга хандахгүй юм бол эрх баригч нам дээр, дооргүй үгссэн байна л гэж үзнэ. Тэгж дүгнэхээс өөр арга үгүй. 

 

Ю.Цэдэнбалыг цагаатгаж болохгүй гэсэн 10 баримтаасаа дурьдвал?

 

Тодорхой шүү дээ. Олон сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн. Порт-Артурын хэрэг гэж баахан хятад, өвөрмонгол гаралтай хүмүүсээ сүйтгэсэн. Зарим удирдагч дарга нараа өрөөндөө дуудаж залхааж байсан. 1952-1956 онд сэхээтний төөрөгдөл гэж маш олон оюуны манлайлагч нараа хэлмэгдүүлсэн. 1964 онд намын эсрэг бүлэг, бидний эсрэг боссон бүлэг гэж зохиомол хэрэг гаргасан. Энэ бүх хэргүүд дандаа зохиомол. Эдгээр зохиомол хэргүүдийн нэг хэсгийг нь л гаргаж тавьсан. Монголын улс төрийн 100 жилийн түүхэнд 100 орчим зохиомол хэрэг гарсан. Эдгээрийн 40 орчмыг нь Ю.Цэдэнбал өөрөө үйлдсэн. Энэ бүхэнд гарын үсэг зурж оролцсон хүн. Гэтэл өнөөдөр энхийн цагаан тагтаа болоод явж байна. Хэлмэгдэгсдийн түүхэнд хэн ч дулаан өрөөнд хоригдож байгаагүй. Маш хүнд нөхцөлд хоригдож байсан. Ю.Цэдэнбал гэдэг хүнийг нам нь шийтгэсэн. Дээрээс нь хойд хөршийн хараат, зохион байгуулалттай л хүн байсан шүү дээ. Үүнийг хэлэх нэг нь хэлдэг ч гол нь залуучууд ойлгодоггүй. Зөвлөлтийн төлөөлөгч байсан шүү дээ. Тэр төлөөлөгч Монголыг удирдаж байсан. Монгол бүх юмаа Оросоос асууж байсан.

 

Бидний судалгаагаар Монголын асуудлыг Орост 169 удаа хэлэлцсэн байдаг юм. Энэ бол шууд хараат байсны илрэл. Үүнийг Ю.Цэдэнбал гуай хэрэгжүүлсэн. Газар нутгаа ч Ю.Цэдэнбал гуай өгсөн шүү дээ. Хүмүүс ярихдаа урьд нь шийдчихсэн байсан гэж байна. Монголыг Оросын бүрэлдхүүнд оруулах гэж гурван удаа оролдлого хийсэн хүн шүү дээ. Ингэхдээ дандаа бусдаар хийлгэж байсан. Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн өвөө Г.Цэнд гуай хүртэл үүнд оролцсон. Ингэж хүнийг оролцуулаад дараа нь тэр хүнээ хэлмэгдүүлчихдэг. Нөгөө Г.Цэнд гуайгаа хэлмэгдүүлсэн. Ийм зүйлийг хийсэн, хэрэгжүүлсэн хүнийг Монголын ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй шүү дээ. Айгаад л байгаа болохоос биш. Монголын залуучууд өнөөдөр үүнийг эсэргүүцээд зогсож байх ёстой. Өнөөдөр манай залуучууд Өмнөд Солонгос, Сингапур гэх мэт Азийн ардчилсан улсуудын залуучууд шиг тэмцэж чадахгүй байна. Буруу зүйл хийхэд нь тэмцдэг байх ёстой. Гэтэл чимээгүй л суугаад байдаг. Шулуухан хэлэхэд арчаагүй, аймхай ард түмэн болчихоод байна. Ийм буруу үйлдэл дээр хүн бүхэн тэмцэх ёстой. Энэ бол зөвхөн Ю.Цэдэнбалын асуудал биш Монголын асуудал. Д.Цогтбаатарын, Монголын хэлмэгдэгсдийн холбооны асуудал биш Монголын ардчиллын асуудал болчихоод байна. Ард түмэн үүнд дуугаа хүргэхгүй, хонь шиг байгаад байх юм бол та нарыг дээрэлхээд л байна. Сошиалаар хичнээн орилсон ч үр дүн гарахгүй. 1945 онд уйгаржин Монгол бичгээ бид цаазалсан шүү дээ. Төрөлх бичгээ хэрэглэх эрхгүй болсон.

 

Одоо бид Монгол бичгээ цагаатгах ёстой. Үүний төлөө төр ажиллаж байна уу. Өнөөдөр бид төрөлх бичгээ цаазлуулчихаад чимээгүй л явж байна. Үүнийг манай холбоо байнга ярьдаг. Үе, үеийн Ерөнхийлөгч нарт тавьсан. Хэн ч биелүүлж байгаагүй. Алхмууд хийж байсан ч хэрэгжүүлээгүй. Бас л  аймхай. Өндөр албан тушаалд очиж байгаа хүмүүст улс төрийн айдас гэж байдаг юм. Уг нь түүнийгээ авч хаях ёстой. Хоёр хөрштэйгээ бид айж харьцах юм бол Ю.Цэдэнбал гуай шиг л болно. Ю.Цэдэнбал гуай тархины өвчтэй болсон, дээрээс нь эзэн нь татаад авчихсан. Дулаан байшинд эмчлэгдэж байгаад л нас барсан. Гэтэл цөллөгт байсан хүмүүс, тэдгээрийн хүүхдүүд яаж зовж байсан бэ? Энэ бүгдийг амссан тэдгээр хүмүүсийг цагаатгаж чадахгүй байна шүү дээ. Өнөөдөр Ю.Цэдэнбал гуайг эх орныхоо төлөө ингэж тэмцжээ, тэмцэхэд нь ингэж хохироожээ гэсэн шүүхийн шийдвэр байхгүй. Намынх нь л шийдвэр байгаа. Хуулиараа шүүхийн шийдвэргүй хүнийг цагаатгадаггүй юм. Ор сураггүй алга болсон мянгаад хүн байна. Бичиг баримт нь судлагдаагүй 5000 орчим хүн байна. Энэ хүмүүсийг цагаатгамаар байна шүү дээ. Манай байгууллага бол үндэсний ой санамжийг ард түмэнд бодитоор нь хүргэх л гэж байгуулагдсан. Тэр ажлаа л хийж байна.

 

Ю.Цэдэнбалыг цагаатгана гэдэг бол ардчиллыг устгаж байна гэсэн үг. Залуу, хойч үе үүнийг ойлгох ёстой. Өнөөдөр хүний эрх хамгийн их яригддаг ч хамгийн их зөрчигдөж байна. Дуу хоолойгоо хүргэсэн залуусыг шоронд хийж байна. Төр Зөрчлийн хууль гэдэг зэвсэгтэй болсон. Хууль, хяналтын байгууллага нь хүнийхээ төлөө явдаггүй. Үзэл бодлоо илэрхийлж буй хүнээ хамгаалдаггүй. Өндөр хөгжилтэй оронд, жишээ нь Италид цагдаа нар нь төрийнхөө буруу шийдвэр дээр жагсагчдынхаа талд зогссон. Манайд бол дарамталдаг. Жагсагчдынхаа майхан сав, дэвсгэрийг булаадаг. Голдуу мөнгөгүй хүмүүс жагсдаг. Гэтэл тэдэнд Зөрчлийн хуулиар торгууль тавьчихдаг. Би ч гэсэн сүүлийн хэдэн жил тэмцэхдээ торгуулиад л явж байсан. Торгосон баримт нь надад байна. Эдгээр хуулиуд иргэдийн тэмцлийг гацаах л зорилготой.

 

Өнөөдөр Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт байна уу?

 

Байна. Өнгө зүсээ өөрчилсөн байна. Өмнө нь шууд бууддаг, хороодог, олноор нь цаазалдаг байсан. Хамгийн сүүлд 2004 онд Хамбын овоон дээр барилгын ажил хийж байсан компани маш олон хүний гавлын яс олсон. Хувцаснаас нь харвал дандаа өндөр хэргэмтэй лам нар байсан. Тав, зургаан зуугаар нь нэг нүхэнд буудаад алчихсан байсан. Энэ бол геноцид. Гэвч ээ талаар эрдэмтэн, судлаачид айгаад ярихгүй, бичихгүй байна. Өнөөдөр өрсөлдөгч намынхаа хүмүүсийг ямар нэгэн нэр хаяг зүүгээд шоронд хийгээд гаргадаг болчихлоо. Үүнийг эрх мэдэлтэй хүмүүс л хийдэг. Хэлмэгдүүлэлт яг уламжлагдаад гараад ирлээ. Мөн эдийн засгаар нь хэлмэгдүүлж байна. Бизнесийг нь булааж байна. Олон хүн хэлмэгдэж байна. Төр үүнд анхаарах нь бүү хэл өөрөө оролцож байна. Төрийг илчилж буй төрийн бус байгууллагуудыг боомилж байна. Жишээ нь манай байгууллагыг байраар хангах Засгийн газрын тогтоол бий, тэр үүргээ төр биелүүлэхгүй байна. Бид өөрсдөө л ард иргэдийнхээ төлөө болгоод л явж байна.

 

 

Баярлалаа.

 

Sonin.mn-ынхэндээ ч гэсэн баярлалаа.

 

Ярилцсан Ч.Явуухүү