У.Хүрэлсүх: Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болно
2021/12/30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд оролцож, үг хэллээ.
Тэрбээр эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийн эхлэл бол “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлэх нь чухал болохыг хэлээд "Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна" гэдгийг тодотгосон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болох;
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
- Хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
- Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, олон улсын болон бүс нутгийн сүлжээнд холбох замаар “Транзит Монгол Улс” болж хөгжих;
- Аж үйлдвэрийн IV хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн Цахим үндэстэн, дижитал Монгол болох;
- Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
- Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг системийг нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
- Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;
Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болж чадна гэж үзэж байна.
- Манай нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн, ялангуяа 45.4 хувь буюу нийт газар нутгийн тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүнг дагуулах болно.
- Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно.
- Монгол хүний оюун санаа, түүх соёл, хэл бичиг, мэдлэг боловсрол, нүүдэлчдийн соёл иргэншил зэрэг бид бүхэнд ундран арвиждаг асар олон баялаг бий. Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн Та өөрөө юм.
- Монгол хүний амьдралын чанар, тэгш байдал, нийгмийн баялгийн шударга хуваарилалт, хүртээмжийн асуудалд онцгой анхаарч, монгол хүн бүр эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажил орлоготой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, эх орондоо амар амгалан аж төрөх бүх талын боломж нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол төрийн бодлого чиглэгдэх ёстой.
- Улс орноо ирэх 30 жилийн хугацаанд дэлхийн хөгжингүй орны түвшинд хүргэж, нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ дээгүүрт тооцогдох орнуудын нэг болох томоохон зорилтыг хэрэгжүүлэх ёстой.
- Сайн засаглал бол ядуурлыг бууруулах, хөгжлийг хурдасгах хамгийн чухал хүчин зүйл юм. Иймээс сайн засаглалыг төлөвшүүлэх явдал нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, улс орны хөгжил дэвшлийг түргэтгэх гол хөдөлгөгч хүч нь болох учиртай.
- Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн улс орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай.
- Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй. Энэ бол Та бидний эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол юм.
- Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм.
- 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол анги давхарга, нас хүйс, шашин шүтлэг, гарал угсаа үл хамааран үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж чадсан нь ямар хүчтэй болохыг нотлон харуулсан түүхэн үйл явдал.
- Улаан залаат, хөх Монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе.
бат · 2021/12/31
Бид эрчим хүчээ дотооддоо бүрэн хангах экспортлох ч боломж байлаа загасчны морь усгүй гэгчээр биднийг барих үед нүүрс түлхийг зогсоовол яанаа