Засгийн газрыг огцруулах УИХ дахь намын бүлгийн гишүүдийнхээ гарын үсгийг эрх баригчдад гурван сайдын суудлаар “зарах” тохироо хийж яваад баригдсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн даргаасаа огцроод багагүй хугацаа өнгөрч байгаа.

“Өтгөн хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр хагас жил шахуу хугацаанд ганцаараа хуралдсан Д.Ганбат өнөөдөр үнэнд гүйцэгдэж, ганцаараа суугаад ч хуралдаж чадахгүй нөхцөлд хүржээ. Учир нь өнөөдөр хуралдах товтой байсан УИХ дахь АН-ын бүлэг Их эзэн Чингис хааны танхимд хуралдсангүй. Харин эсрэгээрээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Д.Ганбатгүйгээр хуралдаад энэ онд хэрхэн ажиллахаа нийтэд танилцуулчихав.

Угтаа Д.Ганбат өөрийгөө ертөнцийн төв гэж санасан байж болох ч харамсалтай нь бусад гишүүд нь нийлж нэгдээд түүнийг хүлээхгүйгээр урагшаа давшчихлаа.

 

Одоо Д.Ганбатад нэг л сонголт үлдэж байна. Тэр нь Бүлгийн гишүүдийнхээ өмнө буруугаа хүлээгээд нийт олонхынхоо шийдвэрийг дагаад явахаас өөр гарцгүй болов.

 

Хэрвээ Д.Ганбат одоо л буруугаа хүлээхгүй бол түүний улс төр энэ хүрээд өндөрлөнө. Учир нь УДШ-ээс Ардчилсан намын Онц их хурлыг хуулийн дагуу явагдсан гэж үзсэн юм. УДШ-ийн энэхүү шийдвэрээс харвал Д.Ганбатын ард зогсож байсан С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн улс төр явуургүй болсон гэсэн үг. Тэгэхээр Д.Ганбат ирээдүйгээ харж, зөв сонголт хийхгүй л бол Ардчилсан намын гишүүд дэмжигчид түүнийг намаасаа хөөхийг шаардаж эхлэнэ. Тэр үед хуйларсан их эсэргүүцэл түүнийг зүгээр нэг үгүйсгээд орхихгүй л болов уу. 

 

Д.Ганбаяр