Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан, хурандаа Ц.Баярсайхан, “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох, бусдаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх он солигдохын өмнөхөн хэлэлцлээ.

Уг нь 2016 онд уг хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэч давж заалдсаар, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүрч байгаа юм.

Ц.Баярсайханыг иргэн Ц.Алтанцэцэгийн 500 сая төгрөгийг залилснаас гадна 2013 оны арванхоёрдугаар сард “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж иргэн М.Цогтбаатараас 15 сая, “ДЦС-3, ДЦС-4 компанийн ажилчдын 196 айлын орон сууцын барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч мэхлэн “Вком” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 50 сая, “ШШГЕГ-тай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга асан Т.Баярсайханаас 2015 оны наймдугаар сард 209 сая, “Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй, хамтарч ажиллаж, ашгаа хуваая хэмээн иргэн М.Болорцэцэгээс 2015 онд 200 сая төгрөг залилан авсан хэмээн буруутгасан.

Уг нь улсын заан Ц.Баярсайханыг нэр бүхий хохирогчдод “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэм буруутайд 2020 оны долдугаар сард тооцож байв. Харин Г.Бүдрагчааг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тиймээс Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж байсан юм. Харин “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаад нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасны дагуу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон билээ.


Энэ хэргийг дээд шатны шүүхээс буцааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сард дахин хэлэлцсэн юм. Улмаар Ц.Баярсайханд гурван жил 200 хоног хорих ял оноож, Г.Бүдрагчааг 2.7 сая төгрөгөөр торгосон бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх арванхоёрдугаар сарын 30-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, Ц.Баярсайхан болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.