О.Батбаяр: Халдвар авсан хүн 4,000-тай Д витаминыг 14 хоног уухад илүүдэл болохгүй
2022/01/13
КОВИД-19-ийн Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмжид Д витаминыг өдөрт 4,000 ОУН-тэйг /Олон Улсын Нэгж/ 14 хоног ууна хэмээн заажээ.
Энэ нь иргэд Д витамины дутагдалтай эсэхээс үл хамаарч халдвар авсан бол заавал 4,000 IU-тэйг уух хэрэгтэй мэт ойлголт төрүүлээд байгаа юм.
Иймд уг зөвлөмж хэр бодитой эсэх талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Олон улсад дархлаагаа дэмжих зорилгоор Д амин дэмийг уудаг жишиг байдаг. Хүний бие организм өөрөө зохицуулалтаа хийчихдэг учраас халдвар авсан хүн 4,000-тай Д витаминыг 14 хоног уухад илүүдэл болно гэж байхгүй.
Ялангуяа манай улсын иргэдийн 90 хувь нь витамины архаг дутагдалтай. Хүүхдийн өвдөгний үеэр өвдөх, нас ахимаг хүмүүсийн хөл дотогшоо хэлбэрт орох зэрэг нь Д амин дэм дутагдлын архаг шинж юм.
Олон өвчний үед Д витаминыг нэмэлтээр өгөхөд эдгэрэлтэд нь эерэг нөлөөлдөг судалгаа бий" гэлээ.