Нэрт хөгжмийн зохиолч Балхжавын рок, попынхныг дагуулсан Ням гарагийн телешоунд нөгөө гавъяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нар энэ удаа зочин шүүгчээр оролцож байх юм. Тэдний хооронд Төр урлагынхныг тамирчидтай адил үнэлдэггүй гэсэн яриа гарлаа.

Сарантуяаг олон улсын том наадамд байр эзлээд, Ариунааг НҮБ-ын төв байранд дуулаад ирэхэд нь болсон юм байх аа. Уг нь дэлхийн дэвжээнд, олимпод Монголыг мандуулах урлагын тайзнаа нэр гаргах хоёр бол эрс ялгаатай л даа. Үүнийг би хэлж буй юм биш. Манай гарагт тогтсон хэм хэмжээ юм шүү дээ. Харин ч миний бодлоор урлагыг Төрөөс хэтэрхий өндөр үнэлж буйг одоо байгаа СТА, гавъяат, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатрын тоо хэлээд өгнө. Тэдний гавъяаг доош нь хийх гээгүй л дээ. Тэгээд бодлоо. НҮБ--ын төв байранд нэг удаа дуулж, элч дуучин гэж алдарших, НҮБ-т Монголыг элсүүлэхээс аваад бүтэн нэртэй авч явах, тусгаар тогтнол, аюулгүй байдлынхаа төлөө өдөр тутам тэмцэх хоёр явдлын хооронд ТОМ ЗӨРӨӨ байгааг хэнч үл үгүйсгэх байх аа. Тэр дотроо улс орноо цөмийн зэвсэгээс ангид байлгахын төлөө тэмцэх, хэдэн зуун саяар хөгжлийн буцалтгүй тусламж олж авах, улс орноо аюулгүй оршоохын төлөө цуцалтгүй тэмцэх зэрэг үйлсийг дипломатууд л бүтээдэг. Гэтэл тэдэнд олигтойхон амьдрах цалин хөлс ч Монгол олгож чадахгүй байна.

Гадаад орон улсад дипломат албаа дээдлэн үзэж, дипломатуудаа 6000-аас 20 000 америк доллараар цалинжуулж байдаг. Монгол дипломатууд ийм цалин хөлс хүсэхгүй ээ. Яагаад гэвэл тэд энэ улс орны өнөөгийн бяр тэнхээ, боломжийг ойлгохыг хичээдэг юм. Тэд гавъяа шагнал, алдар нэрийн төлөө явдаггүй, хамгийн гэгээрсэн хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд энэ дэлхийн жишигийг мэддэг юм.

Энэ гарагт одон медаль, гавъяат нэр цолоор гангардаг улс цөөхөн байдаг юм. Африкийн Замби, Азийн Бутан, Америкийн Боливийн ардын жүжигчин гэж та дуулсан уу? Ядуу орны задарсан төр ядарсан иргэдээ төмөр одонгоор хуурч, шагналын зоосыг өөрсдөө хуваадаг юм. Дипломатчид удирдагчид шигээ дэлхийд ганцхан Монгол орон оршдог мэт аашлахгүй ээ. Тэд ихэнхдээ ичиж амьдардаг. Төрийн төлөө насны ТАНГАРАГТАЙ, орон улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг нуруун дээрээ тээж яваа хөөрхий муу дипломат анд нөхөд минь..

Монгол төр дуу, дуучин, булчин шөрмөснөөс дипломат алба, дипломатчдыг дээгүүр тавих тэр цаг айлчлан ирэхэд л Монгол Улс замаа олж, хөгжих нигуртай билээ. God bless Mongolian diplomats and service.

 

 

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Т.ЗАЛАА-УУЛ