Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

            Тэрбээр “Хичээл, сургуулийн шинэ улирал эхлэх хугацаатай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хувилбарууд танилцуулсан. Тухайлбал, өмнө нь зохион байгуулж байсан 5/9-өөр нээх, дан цахим, танхимаар нээх гурван хувилбар танилцуулсан юм.

            Ерөнхий сайд мэдээллийг сонсож, саналаа УОК, ЭМЯ-ны саналтай нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр хэлэхдээ хичээл, сургуулиа нээвэл дан танхимаар нээх нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Халдварын тохиолдол, өвчний нөхцөл байдал гэх зэрэг хүчин зүйлсийг авч үзэн саналаа нэгтгэх үүрэг өгсөн байгаа” гэсэн юм.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлага байхгүй гэж үзсэн. Мөн одоогоор аль нэг байгууллагаас хөл хорио тогтоох тухай санал ирүүлээгүй. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харьяа байгууллагын алба хаагчдын 50 хувиар ажиллуулах УОК-ийн саналыг дэмжээгүй. Төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэг, чиглэл өглөө" гэсэн юм.

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр зам тээврийн салбартай холбоотой хоёр чухал асуудал яригдсаныг ЗТХ-ийн сайд Л.Халтар хэллээ. 

Тэрбээр "Төрөөс төмөр замын талаар хэлэлцсэн 2013 онд Засгийн газраас гарсан 28 дугаар тогтоолыг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан баруун бүсийн босоо чиглэлийн болон зүүн бүсийн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр Монголын төмөр зам компанид үргэлжлүүлэн олгож, энэ ажлыг эрчимжүүлэх тухай шийдвэр гарсан. 

Баруун босоо чиглэлийн төмөр зам нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1,255 км зам юм. Харин зүүн босоо чиглэл дээр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 420 км зам баригдахаар төлөвлөгдөж байна. 

Төсөл хэрэгжиж дууссаны дараа манай улс 4,700 км урттай төмөр замын сүлжээтэй болох бөгөөд шинээр баригдах нь 2,700 км орчим байх юм. 2022 оны эхний хагаст Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг явуулна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг мөн ашиглалтад оруулна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх, Улаанбаатар төмөр замын суурь бүтцийн шинэчлэл дээр төр мөнгөө гаргаж, бодлогоор үргэлжлүүлээд явах юм. 

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны замын асуудлыг өнөөдөр хэлэлцэж, олон улсад нээлттэй тендер зарлахаар боллоо. Өмнө нь энэ чиглэл дээр нэг бус удаагийн тендер зарлагдаж байсан ч гүйцэтгэл тааруу байсан учраас гэрээ цуцлагдаж байсан. Төрийн худалдан авах ажиллагааны газар ойрын хугацаанд материалыг боловсруулаад тендер зарлана. 

2020 онд Монголын авто замчдын холбооноос санаачилж, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны замын техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гарган ҮАБЗ, Засгийн газарт танилцуулж байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр зарим ачааны замын урсгалыг нэмэх шаардлагатай гэсэн санал гарсныг Монголын авто замчдын холбоонд чиглэл болгон өгч байгаа. 

2022 оны хоёрдугаар сарын 15-ны дотор олон улсын тендер зарлах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн" хэмээн хэллээ.

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудал мөн. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг улсын их хуралд өргөн барьсан бөгөөд энэ нь процессын хууль юм. Үүгээр реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө.

Харин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог.

Цаашид инфляцын хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа.

Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна" хэмээв.