КОВИД-19 халдварын үед бичил судасны хананууд гэмтэж, бичил эргэлт хямарч, эд эрхтнүүдийн цусан хангамж муудаж байгааг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чинбаяр тайлбарлалаа.

Үргэлжлүүлэн тэрбээр "Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсний дараа цус өтгөрч, судас бөглөрч байгаа талаар дата мэдээллийг эмхэтгэн мэдээлж байгаа. 

Гэхдээ ямар ч өвчний үед иргэн хүн өөрөө мэдэж, өөрийгөө эмчилнэ гэж байхгүй. Танд ямар нэгэн зовуурь, шаналгаа, эмнэл зүйн шинж тэмдэг байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг нь оношлуулаад эмчилгээ хийлгэнэ. 

Мэргэжлийн эмч хувь хүн бүрд тохирсон эмчилгээг зөвлөдөг. Ерөнхийдөө цус өтгөрч байна гээд цус шингэлэх үйлчилгээтэй эмүүдийг хамаа замбараагүй хэрэглэж болохгүй. Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэснээр эсрэг үр дүн, хүндрэлүүд гарч болно. 

Ер нь цусаа шингэн байлгая гэвэл амьдралын эрүүл хэв маягийг баримтална. Шингэн хангалттай уух тодруулбал, насанд хүрсэн хүн дор хаяж 2.5 литр шингэн юм уугаарай. Мөн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж цусаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Ингэхдээ өөрийн бие организмд тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгож хийгээрэй. Үүнээс гадна зайлшгүй шаардлагатай бол эмчийн зөвлөснөөр цус бүлэгнэлтийн эсрэг эмийг хэрэглэнэ" хэмээн зөвлөлөө.