Иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов, бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Өнөөдөр миний бие УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамтаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санаачилга гаргаж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо, иргэдэд бэлэг тарааж байгааг иргэд сүүлийн үед нэлээд шүүмжилж байна. Нэг удаагийн бэлэг тараалт, нэг хүний асуудал биш улс орны асуудлуудаа дорвитойхон шийдээчээ гэдэг асуудлыг тавьж байгаа юм.

 

Нэг удаа бэлэг өгөх биш, тэтгэврийг нэмээч, тэтгэврээр амьдрах боломжгүй боллоо, утааны асуудал, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдээч. Татварын орчныг таатай болгох хэрэгтэй байна.  Өрхийн бизнес, бичил бизнесээ дэмжээч ээ. Сонгогчдын боловсрол дээшилчихээд байхад УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргиод байж болохгүй.

 

УИХ-ын гишүүд бид сонгуулийн хуулиа боловсронгуй болгож, улс орны хөгжлийг зөв гольдролд оруулахад чухал шийдэл гаргаж ажиллах ёстой. Бусад УИХ-ын гишүүдээ сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжээч гэж уриалж байна." гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Маш тодорхой хэлэхэд боов тараадаг, эд зүйл тараадаг, санал худалдаж авдаг асуудал хавтгайрлаа. 2022 оны төсөв дээр ч үргүй зардал, хавтгайрсан халамж хэвээрээ байна. Богд зонховын асуудал өнөөдөр ч яригдаж байна. Монголчуудын гурван хүний хоёр нь ажилгүй, ядууралтай ийм үед Богд зонхов мэтийн цемент зуурдаг, тэгсэн хэр нь ядуу иргэддээ, ахмадууддаа цагаан сараар боов, гурил тараадаг зүйлийг хязгаарлахгүй бол болохгүй нь. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48,1-т ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ямар нэгэн эд, өлгийн зүйл тарааж болохгүй, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж болохгүй гэсэн зохицуулалт байдаг.

 

2024 оныг хүртэл ахиад хоёр цагаан сар байна. Энэ хүртэл иргэдэд юмаа тараагаад, саналаа худалдаж авна гэсэн байдлаар хандаж байгаа нь буруу байна. Үүн дээр хуулийн хязгаарлалт хийж, нэгдүгээрт: хэрэв та УИХ-ын гишүүн болсон бол 4 жилийн хугацаанд ямар нэгэн эд, өлгийн зүйл тараахгүй. Цагаан сараар ул боов тараахгүй. Хэрэв тараасан тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болно.

Мөн эрүүгийн хариуцлага ноогдуулна гэсэн ерөнхий зохицуулалт оруулахаар санал гаргаж байна. Энэ нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ерөнхийлөгчийн сонгуульд ч хамаарна. Тарааж байгаа гишүүдтэй нь холбогдоход систем нь ийм юм чинь гэдэг хариулт өгч байна. Тэтгэврийн шинэчлэлээ зоригтой хийх хэрэгтэй. Ахмадууд маань өөрсдөө тэтгэврийн мөнгөөрөө цагаан сараа хангалттай хийдэг болох нөхцөл рүү шилжүүлэх хэрэгтэй." гэв.