Тавдугаар цахилгаан станц минь л бодогдох юм даа!!!
2022/01/28
Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2011 онд Дулааны V цахилгаан станц барих төслийг эхлүүлж байв. Гэвч өнөөдрийг хүртэл нийслэлийн иргэд цахилгаан станцынхаа бараа сургийг хараагүй хэвээр. Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны оройноос өнөө өглөөг хүртэл Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон. Чухам энэ үед цаасан дээр гацсан цахилгаан станцаа нэхэн санах нь тэр.
Үе үеийн Засгийн газар, улс төрчдийн амлалтын бай болсоор эцэст нь царцсан Дулааны V цахилгаан станцыг төрийн шийдвэрээр 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн есөн жил цаасан дээр л яригдав. “ДЦС-5” төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээ авч улмаар Монгол Улсын Засгийн газар 2012 онд “ДЦС-5”-ыг барих бүх нөхцлийг хангасан тогтоол гаргасан ч мөн л хэрэгжүүлж чадалгүй халаагаа өгсөн. Дараагийн Засгийн газар тус төсөл дээр нэлээн ахицтай ажиллав. Тухайлбал, 2015 оны долдугаар сарын 29-нд ЭНЖИЕ (хуучнаар Жи-Ди-Эф Суез, 30%-ийг эзэмшигч), СОЖИЦ КОРПОРАЦИ (30%-ийг эзэмшигч), ПОСКО ЭНЕРЖИ (30%-ийг эзэмшигч), НЬЮКОМ ХХК (10%-ийг эзэмшигч) компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй байгууллагууд болох “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай ДЦС-5 (Дулааны тавдугаар цахилгаан станц) төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэвч түүнээс хойш царцаж, чимээ сураг нь алдрах нь тэр. Өөрөөр хэлбэл, 2019 онд Засгийн газраас ДЦС-5 барих төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Шалтгаан нь, уг цахилгаан станцыг барихаар концессийн гэрээ байгуулсан БНСУ, Франц, Япон, Монгол дөрвөн улсын консорциум нь задарч, нэг үгээр хэлбэл ямар ч хөрөнгө оруулагчгүй болсон байна.
Хэрэв өдийд тус цахилгаан станц ашиглалтанд орчихсон байсан бол Улаанбаатар хотын зүүн бүсийн оршин суугчид цахилгаан дулаанаа таслуулж, дүн өвлийн хүйтэнд дагжин чичирч суухгүй байлаа. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, цахилгаан дулааны хэрэглээгээ хот хангаж чадахаа больж байгаа энэ үед тавдугаар цахилгаан станц минь л бодогдох юм даа.
Иргэн · 2022/01/28
Хэрэгтээ хэрэггүй барилга, хөшөө, дуганд мөнгөө зарж байхаар зориглоод 5 станцаа барих байсан юм. Хотын утааг арилгах гол зам. Бас Хөгжлийн банкны мөнгийг ямар ч зорилгогүй, луйварчдад өгч байхаар тэр мөнгөөрөө барисан чболох байсан. Орчин үеийн Шинэ технологууд гарсан, дулааны станц Орсуудын барисан шиг нүсэр барилгатай байхаа болисон шүү дээ
Зочин · 2022/01/28
Чулуун нүүрсний их нөөцтөй одоогоор түлж болж байгаа үед цахилгаан гаднаас авна гэхээр хэцүү байна шүү Багануурт оросууд дараа нь Хятадууд станц барих гэсэн энэ бүгдийнг АН л болиулсаныг ард түмэн санаж байнаа