Бүх шатны боловсролын байгууллагын хичээл хоёрдугаар сарын 14-ний Даваа гарагт танхимаар хичээллэж эхлэх шийдвэр Засгийн газраас өчигдөр гаргасан тухай мэдээлсэн.

ЕБС-ийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр эцэг эх, асран хамгаалагчидтай онлайнаар уулзалт хийхээр болжээ. Онлайн уулзалт өнөөдөр орой 19:00 цагт болно хэмээн тус яамнаас мэдээлэв.

Уулзалтад ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхэдтэй бүх аав, ээж оролцох боломжтой юм байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд хичээлийн хоцрогдлын түвшин аль ангид ямар хэмжээнд хүрсэн, ямар хичээлийн аль агуулга дээр анхаарах шаардлагатай, сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, сурагчдад аав ээжийнх нь үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг гээд олон чухал асуудлаар санал солилцох аж.

Онлайн уулзалтад сургууль бүрийн эцэг, эхийн зөвлөл ZOOM холболтоор оролцох бол бусад асран хамгаалагчид

https://www.facebook.com/MinistryofEdu

https://www.facebook.com/LEnkhamgalan

https://www.facebook.com/education.agency.mongolia хаягаар дамжуулан фэйсбүүк шууд дамжуулалтыг хүлээн авах, сэтгэгдэл хэсэгт асуултаа илгээх боломжтой.

Дараагийн ээлжид Боловсрол, шинжлэх ухааны сайд цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.