П.Баярхүү: Боомтуудад Хятадын өндөр технологийг оруулж ирье. Төр дийлэхгүй бол компаниуд нэгдэх боломжтой
2022/02/16
Хилийн боомтуудыг халдваргүй болгож, үйл ажиллагааг жигдрүүлэх санаачилгыг тээвэрчдийн холбоод гаргаж, төр хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан “Зеро ковид-2022” зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Баян зам тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүтэй ярилцлаа.
-Хилийн боомилолтоос гарахын тулд Монголын тал зеро ковид боомт болох санаачилгыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй-
-Хилийн боомтуудыг ковидгүй бүс болгоё гэдэг санаачилгыг тээвэрчдийн холбоод гаргаж байгаа юм. Ковидын үед Засгийн газраас ийм л зорилго тавьж, ажиллаж ирсэн. Үр дүн сайн гараагүй. Тээвэрчдийн гаргаж байгаа санаачилга Засгийн газраас ямар ялгаатай юм бэ?
-Дэлхий нийтэд тархсан цар тахал Монгол Улсад дэгдэхдээ хамгийн хүнд туссан салбарын нэг бол экспорт буюу эдийн засгийн эх сурвалжийг бүрдүүлэх боломжийг хаасан. Төр засгийн зүгээс энэ зовлонгоо шийдэхийн тулд олон төрлийн журам, шийдвэр гаргаж хэрэгжүүлж үзлээ. Хоёр жил өнгөрсөн, алдсан зүйл ч бий, оносон нь ч бий. Нэг ёсондоо хилийн боомилолт, экспорт яагаад нэмэгдэхгүй байгаа асуудал дээр бид дүгнэлт хийлээ. Нэгд, гадаад хүчин зүйл буюу БНХАУ-ын зүгээс тавьж байгаа шаардлага үүнд нөлөөлж байна. Бид шаардлагыг нь хангаж чадахгүй байна. Бид дотооддоо зохион байгуулалт хэчнээн хийвч гадаад талдаа үр дүнг харуулж чадахгүй байгаа юм. Жишээ нь, олон жилийн хугацаанд хуримтлагдсан боомтын хөгжлийн ялгаа манай хоёр улсад асар өндөр байдаг. Хятадын боомтууд 100 хувь цахимжсан, өндөр хурдны технологид хэдийнэ шилжчихсэн.
Ковидын үед зохион байгуулалтын шинэ дүрэм үйлчлээд, хэвшчихсэн байхад бид нэлээд хуучин үеийнхээр явж байна. Манай хил дээр авч байгаа PCR шинжилгээний оношлуурын технологи Хятадын талд очихоор найдваргүйд тооцогдож байна. Манай талд хил дээрх ариутгагч төхөөрөмж урд хөршид одоо ашиглаж байгаа төхөөрөмжөөс хүчин чадлын хувьд хэт хол хоцорсон учраас шаардлага хангахгүй байгаа зэрэг наад захын техник технологийн шинэчлэлийн асуудал байна. Мэдээж удирдлага зохион байгуулалтын асуудал ч бий. Маш олон дүрэм журам гарсан ч зохих үр дүнгээ өгч чадаагүй, нөгөө талд халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд маш их зардал гаргасан ч түүнийхээ хэмжээгээр ашигтай ажиллаж чадаагүй. Ганц жишээ дурдахад, Гашуунсухайт боомт дээр битүүмжилсэн тээвэр буюу 200 орчим бөмбөлөг тээвэр үүсгэж үзлээ. Үүнийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдээс 43 тэрбум төгрөгийн зардал гарсан байна. Тиймээс одоо зовлон ярихаа больж, хилийн боомтуудаа төр хувийн хэвшил хамтраад зеро ковид боомт болгох санаачилгыг дэвшүүлж байгаа юм.
-43 тэрбум гэдэг их хөрөнгө байна?
-Маш том объект, маш том халдвар хамгааллын төв барьчих хэмжээний хөрөнгөөр жижиг жижиг, хэсэг хэсэг үйл ажиллагаанд үрэн таран хийсэн байгаа нь харамсалтай. Тиймээс улс хоорондын ачаа тээвэрт оролцдог голлох гурван боомт буюу Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын тээвэрт оролцогч аж ахуйн нэгжүүд нэгдэн төрийн байгууллагуудтай хамтарч зеро ковид боомт болохоор ажиллаж эхэлж байна.
Ер нь бид үзэл санааны хувьд ч их дорой болчихож. Хилийн боомт дээр өнөөдрийн ашиг, маргаашийн тээвэр, зөвхөн тэр өдөр, тэр хугацаанд ашигтай шийдвэр гаргуулахын төлөө явдаг. Харин одооноос эхлээд нэгдсэн том зургаар нэгдэж ажиллая, ирээдүйд хүрэх том зорилгодоо хүрч ажиллахыг эрмэлзэж байна.
Үнэхээр Монголын талд сөрөг гарсан хариу БНХАУ-ын тал руу гараад эерэг болчихдог. Энэ тохиолдолд Хятад улсад ашиглаж байгаа технологийг оруулж ирье. Төр засаг дийлдэггүй юм бол хувийн хэвшил, уурхай, компаниуд нэгдэж гаргах санаачилга ч яригдаж байна.
-Өнөөдрийн байдлаар гол боомтуудын нөхцөл байдал ямар байна вэ?
-Бодит байдал бол олон нийтэд хүрч байгаа мэдээллээс өөр байгаа. Жишээ нь, Замын-Үүд боомт дээр ачаа барааг хилийн цэргийнхнээр татуулж байгаа. Гэтэл бас л адилхан жолооч нь ковидтой. Хилийн цэргийн дугаартай ч хятад компанийн машин гарч байна, номер солиод л гаргачихаж байна. Ард нь 6000 тээвэр хийж чадахгүй байна, эрх тэгш байдал хангагдахгүй байна гэх нөхцөл байдлыг Замын-Үүдийнхэн хэлж байна.
Гашуунсухайт боомт дээр бөмбөлөг тээвэр хэрэгжүүлэхээр болж дүрэм журмууд гарсан ч тэр дунд олон зохицуулалт ойлгомжгүй байснаас болж, компани аж ахуйн нэгж өөр ойлголттой, жолооч бас өөр ойлголттой, төрийнхөн нэг өөрөөр ойлгож, хэрэгжүүлдэг. Үүүнээс үүдээд зөрчил үүсдэг. Үүнийг ажиглаж байгаа хятадууд монголчууд ерөөсөө болохгүй юм байна гэдэг айдас үүсч, хилийн боомилолт үргэлжилсээр байх нөхцөл болчихоод байгаа юм. Уг нь бөмбөлөг тээврийн зохион байгуулалт их зөв. Цаашид тэндээ байрлаад амьдрах, тээврээ явуулах, нийгмийн асуудлыг шийдэх том суурь үүсч байгаа. Гэтэл тэнд урт хугацааны том зорилго гэхээс илүү нэг шалгалтад тэнцэхийн төлөө өөр өөр загвараар бүгд хийгээд байдаг.
Шивээхүрэн боомт бүрэн хаагдсан. Хятадын талаас нээх шийдвэр гаргахгүй байгаа учраас туйлын хүндрэлтэй. Бодит байдал гэвэл зөвхөн хүлээлт л байна. Он гарчихсан юм чинь Хятад олимпоо дуусгаад хилээ нээх байх, манай талын журам өөрчлөгдөх байх, арай дээрдэх болов уу, ямартаа ч гэрээ барья, усаа нэмье, хүмүүсээ дуудъя гэсэн байдалтай л байна. Нэг ёсондоо тоглоомын дүрэм тодорхой биш байна. Тиймээс манай талаас яаралтай үүнийг тодорхой болгох ёстой.
-БНХАУ хилээ хаасан, нээхгүй байгаа нь Өмнөд Монголын нэг аймгийн даргын эрх мэдлийн асуудал биш. Энэ бол өмнөд хөршийн том улс төрийн бодлого гэж ярих хүмүүс байсаар байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-БНХАУ-ын амбиц бол бүхий л боомтоо дэлхийд анхны зеро ковид бүс болгох явдал. Үүнийгээ ч дэлхий даяар зарласан учраас Си Жиньпин Хятад даяар хатуу баримтлах чиг үүрэг болсон. Энэ бол Хятадын төв коммунист намаас гаргасан шийдвэр байж таарна шүү дээ. Тэр шийдвэрийг улс даяараа нэг мөр хэрэгжүүлэх хатуу үүрэг хүлээж таарна. Тийм учраас мэдээж Монголтой хиллэж байгаа нэг аймгийн шийдвэр биш гэдэг нь ойлгомжтой. Энэ бол БНХАУ-ын өөрийнх нь том бодлого. Энэ бодлого манай талын боомт хаагдахад нөлөөлж байгаа том хүчин зүйл. Нөгөө талаас өвлийн олимп гээд цаг үеийн асуудал тулгарсан учраас хилийн боомилолтыг улам чангатгасан. Яахав, олимп дууссаны дараа эрхбиш боомтын бодлогоо сулруулах болов уу. Бид л хилийн боомтоо зеро ковид болгох шаардлагатай.
-Олимпоос өмнө хилээр ачаа бараа тээвэрлэх үнэ тариф огцом өсч, багагүй дуулиан дэгдээсэн. Хятад, Монгол хоёр талд үнэ тарифаас ашиг олдог мафи, зуучлагчид бий болсон нь тодорхой болсон. Хятадын тал тэдгээр хүмүүстэй хатуу хариуцлага тооцсон гэдэг. Энэ тухай сонссон биз дээ?
-Замын-Үүд боомтын тээвэрчдийн ярьж байгаагаар бол ачаа бараа захиалагч, тээвэрлэгч хоёрын дунд тодорхой нөлөө бүхий хүмүүсийг лоббигоор зуучлагч нар орж ирж, үнэ тарифаар тоглож савлуулсан үйл явдал болсон. Үнэ тарифыг жолооч нар өсгөсөн юм биш, энэ бол зориуд зохион байгуулалттай хийсэн үйл явдал. Ард нь эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай хүмүүс байсан. Өмнөд хөршийнхөн тэрхүү үнэ тарифын асуудал дээр авсан арга хэмжээний хувьд тантай адил мэдээлэлтэй байна. Хилийн боомт дээрээ ашиг сонирхлын зөрчил гаргасан хүмүүстээ дээд хэмжээгээр нэг удаагийн хатуу шийтгэл оноосон гэж сонссон.
Харин манай талаас өнгөрсөн намар Замын-Үүд дээр баривчилгаа явуулж нэг удаа бужигнууллаа. Гэтэл өнөөдөр хүртэл үнэ тарифын асуудал яригдаж байна гэдэг манай тал энэ асуудлаа сайн шийдэж чадаагүй байна гэсэн үг. Энэ бол манайх Хятадын талд оноо алдах эрсдэл. Угтаа бол төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх ёсгүй юм. Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байгаагаар ачаа бараанаас ашиг хүртэгч зуучлагчийн асуудлаар тусгай дугаар ажиллуулж эхэлсэн юм билээ. Ирсэн мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагад шууд шилжүүлэн шалгаж байгаа юм байна.
-Ковидгүй боомт болох санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга замуудыг нэрлээч?
-Нэгдүгээрт, техник технологид суурилсан шийдэл байна. Хоёрдугаарт, хариуцлага сахилга батын асуудал Хятадад маш хатуу мөрдөгддөгийг сая хэллээ. Бид хилийн боомт дээр хандаж байгаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Бид нар улс хоорондын тээвэр хийж байна гэж ойлгохохгүй байна. Бөмбөлөгт тусгаарлагдаж байгаад шинжилгээ эерэг гарчихаасай. Гялс хилээр гараад нүүрсээ асгаад хаячих юмсан гэдэг ойлголт байсаар байна. Гэтэл энэ бол улс хоорондын тээвэр. Улс хоорондын хатуу шаардлага, дүрэм журамтай байх ёстой атал бид маш жижиг зүйлд орооцолдож болхи хандаад байна. Тиймээс техник технологийн шинэчлэлийг БНХАУ-ын хэмжээнд хүргэхийг зорих ёстой. Энэ талаар тус улстай зөвшилцье. Хоёрдугаарт, бид сахилга хариуцлага буюу зохион байгуулалтын хувьд төрийн оролцооны бүх субьектийг ерөнхий журмаар биш детальчилж оруулж ирэх ёстой. Мөн дээр нь энэ журамд хамрагдаж байгаа, энэ журмаар талхаа олж идэж байгаа аж ахуйн нэгж, иргэд, тээврийн жолооч нарыг соён гэгээрүүлэх ажлыг ч хийх ёстой. Манайх бүгд таамгаар явдаг, хүнтэйгээ ажиллахгүй байна. Жолооч нар зарим нь 90 хоног, зарим нь хагас жил тусгаарлагдсан. Тэр хугацаанд тэдэнд сургалт хийсэн бол ямар их мэдлэг боловсрол өгөх байв. Ядаж тэдний 30 хувь нь хятад хэлээр өөрийгөө танилцуулчихдаг, Хятадын боомтоор ороод ямар журмаар аль замаар явж ачаагаа буулгахаа мэддэг болох боломжтой байлаа. Зеро ковид боомт болох санаачилгын хүрээнд энэ сургалтыг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Жолооч нарыг тусгаарлалтын 14 хоногт төрөл бүрийн сургалтад хамруулъя гэж. Гэтэл жолооч нар тусгаарлалтын хугацаандаа утсаа маажаад, хоолны чанарын талаар хэрүүл хийх зэргээр асар их стресст орж байдаг. Ингээд хоёр гурван шөнө нойргүй хоноод ямар ч хавьталгүй хэрнээ эерэг гарчихдаг. Тэгээд манайх буруу гаргачихлаа, эднийх зөв гарч байна гээд бөөн хэрүүл үүсдэг.
Тусгаарлах байранд ариун цэврийн байгууламж ямар байна, ямар ус хэрэглэж байгаа гэхээс илүү ямар орчинд тэр хүн юу хийж байгаад асуудал бас бий.
-Хятадын талаас туршлага судлах баг авчирна гэв үү?
-Хамгийн гол дүгнэлтэд хүргэсэн зүйл бол бид Хятад талаас яагаад өнгөрсөн хугацаанд зөвлөгөө тусламж авахгүй байгаа юм бэ. Бид 30.000 хонь бэлэглэсэн, хариуд нь гурван мэргэжилтэн урихгүй яав даа. Тэд нар ирээд зааж зөвлөхөд муугаар хэлэхэд “Та нарын зөвлөснөөр ажиллаад энэ шүү дээ” гэж хэлэх үгтэй. Тиймээс бид энэ талаар Засгийн газар, Гадаад харилцааны яаманд хандаж байгаа. Үүнийг хөтөлбөр болгож, хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын талаас яаралтай зөвлөх баг оруулж ирье. Эрүүл ахуй, халдваргүйжилт, шинжилгээний чиглэлээр тэдний зөвлөгөөн дор хамтраад ажиллаж, нэг сарын дараа ковидгүй боомт гэдгээ зарлая гэсэн санаа юм.