Авто спортыг бид эрэгтэй тамирчдаар л төсөөлдөг. Тэгвэл тэднийг хол хаяж, амь өрссөн эрсдэлтэй спортод сэтгэл зүрхээ зориулж яваа нэг л бүсгүй бий. Тэр бол ОУХМ Г.Ариунтуяа юм. Тэрбээр 12 настайдаа анх жолооны ард суусан “адтай” уралдаанч. Түүнийг “Амжилтын эзэн” буландаа онцоллоо.

УДАМ ДАМЖСАН УРАЛДААНЧ

 

Г.Ариунтуяагийн аав Ганбат Монголын анхны авто спортын тамирчдын нэг юм. 1995-1996 оны хооронд “Батхүлэг” авто кросст уралдаж, нэрээ дуурсгаж явжээ. Охиных нь хувьд тэр цагаас л уралдаанч болох нууцхан хүслийг сэтгэлдээ тээсэн гэдэг. Аавыгаа бэлтгэлтэй үед байнга бүхээгт нь сууна. Харин уралдаанд оролцоход нь дээлийнх нь захыг мушгин, түрүүлээд ирэхэд нь хөөрч, бахархах сэтгэлээ барьж ядан догдолдог байсан сайхан дурсамж түүнд олон бий.

 

 

Г.Ариунтуяа энэ тухайгаа “Үргэлж аавынхаа уралдаж байхыг харж өссөн учир надад үүнээс өөр сонголт байгаагүй байх. Жаахан байхдаа гоё машинтай аавын охин явлаа. Аав минь уралдахаас гадна дугуйн спортын ОУХМ хүн. Машинаа их гамтай эдэлдэг байсан” гэжээ.

 

 

Ийнхүү авто спортод дурласан охин анх 12 настайдаа жолооны хүрдний ард сууж, машин жолоодож үзжээ. Энэ үед тэрбээр хамгийн ихээр хурдхан 18 нас хүрээд жолооны үнэмлэх авахсан гэж хүссэн гэнэ.Хүлээлтээр өнгөрсөн зургаан жил хамгийн удаан байсан хэмээн тамирчин бүсгүй хуучилсан байна. Аав нь ч охиныхоо хүслийг ойлгож, машинтай хэрхэн харьцах, яаж асааж, хөдөлгөх зэрэг анхан шатны мэдэгдэхүүнийг заасан гэдэг. Тиймээс ч 18 настай Г.Ариунтуяа аль хэдийн машин жолоодож чаддаг, туршлагатай жолооч болсон байна. Гэсэн ч амьдралын шаардлагаар боловсролдоо анхаарч, хэсэг хугацаанд мөрөөдлөө хойш тавьсан удаатай. Гэхдээ энэ үедээ цаг нь болохоор заавал уралдана гэж өөртөө хэлдэг байжээ.

 

сонин mn

 

АНХНЫ ТЭМЦЭЭНДЭЭ ОРОЛЦООД ТҮРҮҮЛСЭН

 

Г.Ариунтуяа анх аавынхаа уралдааныг үзэж эхэлсэн үеэсээ л УАЗ ангилалд уралдана гэсэн зорилт өөртөө тавьсан юм. Энэ ангилал нь бусдаас илүү хүнд. Тамирчнаас тэсвэр тэвчээр, мэдрэмж, ухаан шаарддаг аж. Одоо ч тэрбээр энэ ангилалд уралдаж буй ганцхан мэргэжлийн эмэгтэй тамирчин юм. Түүний анхны уралдаан 2016 онд болсон юм. Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан "Ice Racing Cup" мөсөн замын авто уралдаанд оролцоод түрүүлжээ. Энэ тэмцээн бүсгүйд урам өгч, эргэлт буцалтгүйгээр энэ спортод тэмүүлж, амжилтын төлөө хөдөлмөрлөх болсон байна. Үүний дараа Монгол, Хятадын олон улсын холын зайн “Говь ралли” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, амжилтаа баталгаажуулжээ. Мөн “Baja-2016” тэмцээний ойрын зайн уралдаанд X байр эзэлсэн юм. Монголын авто мастеруудын холбооныхон залуу тамирчдад боломж олгож, дэмжихийн тулд анх дээд, доод гэсэн ангилалд уралдуулж байжээ. Г.Ариунтуяа доод ангилалд IV байр эзэлж, шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан удаатай. Энэ бол дөнгөж энэ спортод хөл тавьж байсан эмэгтэй тамирчны хувьд чамлахааргүй амжилт байв.

 

сонин mn

 

“АЙДАГ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч УРАЛДАХГҮЙ”

 

Г.Ариунтуяагийн хувьд ӨМӨЗО-ы “Тэнгэр элс” хэмээх газар болсон олон улсын уралдаанд санаанаас нь гардаггүй гэнэ. Энэ тэмцээнд тэрбээр Монголын тав, Хятадын 20 эрэгтэй тамирчинг ардаа орхиж түрүүлсэн. Монголоос машинтайгаа очиж, уралдахад зардал өндөртэй тул ӨМӨЗО-ы “Жалам хар” клубын машинаар уралджээ. Энэ клубын хамт олон тамирчин бүсгүйн бүх зардлыг даасан байна. Тэмцээндээ түрүүлээд эх орныхоо төрийн далбааг өргөж зогсохдоо хамгийн түрүүнд аавыгаа боджээ. Үүнээс гадна 2017 онд БНХАУ-ын ӨМӨЗО-д болсон "China Dakar Rally-12 th FB festival” олон улсын уралдааны кросс ангилалд алтан медаль хүртсэн. Мөн 2019 онд холын зайн уралдаанд эмэггэй чиглүүлэгчтэй нэг баг болж уралдсан нь Монголын авто спортын түүхэнд анхны эмэгтэй баг болж. 2000 км замыг амжилттай туулан, барианд орсон. 2016-2020 онд МАММСХ, МАМХ-ны холын зайн болон тойргийн ралли уралдаанаас нийт найман удаа финиш медаль авч, кросс уралдаанаас "Эр зоригийн шагнал"-ыг хоёр удаа хүртсэн гээд түүний амжилт уртаас урт цуваа үүсгэнэ.

 

 

Г.Ариунтуяа бэрхшээлийн өмнө бууж өгөх дургүй.

 

 

Хээр хөдөө машин нь эвдэрвэл жижиг гэмтлийг бол өөрөө засчихна. Холын замын уралдаан тэр чигээрээ адал явдал байдаг. Уралдаанч эмэгтэй маань 84 гэсэн хувийн дугаартай. Түүнээс уралдаанд гарахдаа айдаг уу гэж асуухад “Айдаг байсан бол хэзээ ч уралдахгүй байсан” гэж хариулж байсан юм.

 

сонин mn

 

 

сонин mn

 

 

Ч.Гантулга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин