О.Баасанхүү: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар сайн дураараа шалгуулах ёстой
2022/02/17
АН-ын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Хөгжлийн банкнаас зээл авсан этгээдүүдийг 3 хэсэг хувааж үзнэ. Нэгдүгээрт, төрийн үргүй зээл. Төр барьж байгаа хүмүүс үргүй зардал гаргаад, нэг юм эхлүүлээд хаячихдаг. Гэтэл түүний ард байгаа тоо нь хэдэн зуун сая, тэрбум төгрөг байдаг. Тийм учраас төрийн албан хаагчид хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүд зориулалтын бусаар зээл авсан бол хуулийн хатуу хариуцлага хүлээх ёстой. Харин зориулалтын дагуу зарцуулсан ч ханшийн зөрүүнд цохиулаад, коронагийн хүндрэлээс хамаараад зээлийн төлөлт удааширсан бол заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа юм шиг дарамт шахалт үзүүлж болохгүй. Яагаад гэвэл үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгжүүд ч олноор харагдаж байна.
Хөгжлийн банкны шуугианыг МАН зохион байгуулалттай гаргаж байгаа. Яагаад гэвэл сонгуулиас өмнө цэвэрхэн болох гэж дүрд тоглож байна. 49 ЖДҮ-чин гараад байхад хэнийг ч шоронд хийгээгүй. Өнөөдөр Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьж байна. Тэгээд хэнийг ч шийтгэдэггүй.
АН төрийн эрх бариагүй байгаа учраас төрийн хуулиар ингэж, тэгж шийддэг гэж хэлэх бололцоо алга. Бидний хувьд буруутай байж болзошгүй хүмүүсээ аль эрт чөлөөлсөн. Жишээлбэл Н.Алтанхуяг гэдэг хүн. Тэр хүн бие даагч болоод УИХ-ын сонгуульд оролцсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлсэн. Шаардлагатай гэвэл өөрөө түдгэлзэе гэдэг уриалга гаргасан." гэв. Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулах үедээ АН-аас нэр дэвшин, сонгогдож байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг сайн дураараа шалгуулж, гэм буруутай эсэхээ тодорхой болгох хэрэгтэй гэсэн юм. Тодруулбал:
Ц.Элбэгдорж албан тушаалаа өгснөөс хойш 5 жил болж байна. Энэ хугацаанд юу ч шийдээгүй. Улстөрчид нэрээ цэвэрлэж авмаар байгаа юм. 30 жил муулуулаад үнэн худал нь мэдэгддэггүй. Ард түмэн ямар нэг юмтай байх гэж бодоод байдаг. Ардчилал шударга, хуулийн дагуу байх ёстой. Х.Баттулга гэдэг хүнийг сүүлийн үед хэвлэлээр маш их ярьж байна. Хөгжлийн банкны асуудал дээр ч гарч ирэх юм. Өөр янз бүрийн асуудал дээр ч гарч ирэх юм. Гүтгүүлсэн юм бол нэрээ цэвэрлэ.
Үнэхээр буруутай бол ял зэмээ ав. Ингэж сайн дураараа явахыг энэ хүмүүст уриалж, үүрэгжүүлж байна." гэлээ.