Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөний онцолсон сэдэв бол өнөөдрөөс эхлэн нийслэлд  хэрэгжүүлж буй зарим Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалт байлаа.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж, хоёрдугаар сарын 21 буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний 59 сургуулийн хичээл эхлэх болон тарах цагт зохицуулалт хийсэн. Энэхүү зохицуулалтын  дүнг тухай бүрд шуурхай тооцон ажиллаж байна.

ЕБС-ийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай  хамтран судалгаа хийж, санал боловсруулсан.

Түүнчлэн цахим орчинд олон нийтийн дунд санал асуулгыг явуулахад санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь энэхүү зохицуулалтыг дэмжсэн. Сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт хийснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон” гэлээ.

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төрийн 152, төрийн бус өмчийн 129 сургуульд 340,069 хүүхэд суралцаж байна. Үүнээс цагийн зохицуулалт хийсэн 59 сургуульд  85,207 хүүхэд суралцдаг байна.

Цагийн зохицуулалтаар:

  • Өглөө 07:45, өдөр 13:15 цагт төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн найм, нийт 21 сургуулийн 47,330 сурагч буюу нийт сурагчдын 13.9 хувь,
  • Өглөө 08:15, өдөр 13:45 цагт төрийн өмчийн ес, төрийн бус өмчийн зургаа, нийт 15  сургуулийн 26,189 сурагч буюу нийт сурагчдын 7.7 хувь,
  • Өглөө 09:00 цагт нэг ээлжтэй төрийн өмчийн нэг, төрийн бус өмчийн 22, нийт 23 сургуулийн 11,688 сурагч буюу нийт сурагчдын 3.4 хувь хамрагдана.

Тээврийн цагдаагийн албанаас өнөө өглөөний байдлаар Нарны зам дагуух сургуулиудын хичээл адил цагт эхэлж байгаагаас түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал,  Нарны зам дагуух сургуулиуд болох Сант, Орос III, 31 дүгээр сургуулийг зорьсон хөдөлгөөний ачаалал буурсангүй гэсэн юм.

Өмнөх  хоёр жилд нийслэлийн хэмжээнд  281 сургууль хөл хориотой байсан бөгөөд үндсэндээ 340 мянган тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байлаа.

ЕБС-ийн хичээл эхлэх цагийн зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд туршилтын журмаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашид уян хатан байдлаар хэрэгжүүлж, үр дүн өгөхгүй байгаа газруудад өөрчлөлт оруулах бүрэн боломжтой шийдвэр гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа.  

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх долоо хоногийн Даваа гарагийн түгжрэлийн оргил цагийг өнөө өглөөний оргил цагтай харьцуулжээ.

 

Өглөөний 06:00-07:00 цагт замын ачаалал өмнөх хоногоос 23 хувиар өссөн бол бусад цагуудад 17-21 хувиар буурсан байна. Цагийн зохицуулалттай холбоотойгоор энэ долоо хоногийн турш тодорхой байршлуудад ажиглалт хийж, бусад үетэй харьцуулсан судалгаа хийнэ гэдгийг албаныхан хэлж байна.