Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам их хэмжээгээр эвдэрчээ
2014/05/22
Улаанбаатар-Зуунмод-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад их хэмжээний нүх гарсан, торон хагарал, бамбалзуур үүсч, суултанд орж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байгаа нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шалгалтаар тогтоогдлоо. Энэ замаар Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон бусад чиглэлийн хүнд даацын автомашин их явдаг нь эвдрэлд багагүй нөлөөлж байна. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай зам 1983 онд ашиглалтад орсноос хойш 31 жил их засвар хийгдээгүй. Нөхөөс хийдэг боловч энэ нь аргацаах төдий байсаар өнөөг хүрчээ. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зорчигч, тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцлийг хангах зорилгоор замын техник, ашиглалтын түвшинг өнөөдрийн байдлаар тогтоож, их засвар, шинэчлэлтийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийх шаардлагатай гэж дүгнэлээ. Тээврийн хэрэгсэл осол, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй тохиолдолд “Авто замын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Аймаг зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал бий болж, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, түүнчлэн засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно” заалтын дагуу замыг хаах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ дүгнэлтийг Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын болон Тээвэр, авто замын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлсэн байна. Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн гаргасан судалгаагаар Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замд энэ оны эхний таван сарын байдлаар 13 осол гарч гурван хүн амь насаа алдан, таван хүн бэртэж, 17 тээврийн хэрэгсэл эвдэрчээ.
Зочин · 2014/05/24
ХАА САЙГҮЙ == ХҮНД ДААЦЫН МАШИН ЯВДАГ ЗАМУУД ХЯТАД СОЛОНГОС ЯПОН МАШИНУУД ДААЦ ХЭТРҮҮЛЭН = 60+ 120 тн = ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ