Сүүлийн 13 хоногт манай улсын хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 60 хувиар илүү байна
2022/03/09
Орос, Украины дунд үүссэн нөхцөл байдлаас үүдэн манай улсад ОХУ-ын иргэд олноор ирэх болсон гэх мэдээлэл гараад байна.
Үүнтэй холбоотойгоор Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-ын хэчнээн иргэн манай улсад нэвтэрсэн талаарх мэдээллийг албаны эх сурвалжуудаас тодрууллаа.
Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 69 орны 4,364 гадаад зорчигч манай улсын хилээр нэвтэрчээ. Үүний 36.5 хувь нь буюу 1,594 нь ОХУ-ын иргэд байна.
Тодруулбал, сүүлийн 13 хоногийн хугацаанд ОХУ-ын 842 иргэн манай улсад орж ирсэн бол 752 иргэн буцаад гарчээ.
Үүнийг өмнөх оны мөн үед хилээр нэвтэрч байсан ОХУ-ын зорчигчийн тоотой харьцуулбал нийт 626-аар буюу 60 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, 2021 оны мөн хугацаанд манай улсад тус улсын 522 иргэн орж ирсэн бол 446 иргэн хилээр гарсан байна.
Гэхдээ 2021 оны мөн хугацаанд цар тахлын үеийн хилийн хязгаарлалтын дэглэмүүд хоёр улсад мөрдөгдөж байсан гэдгийг онцолъё.
Харин дээрх тоог цар тахлаас өмнөх үетэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт гэдгийг ХХЕГ-ын эх сурвалж хэллээ.
Түүнээс гадна, Монгол Улс цар тахлын үеийн бүх хязгаарлалтын арга хэмжээг цуцалж, гадаадын иргэдэд нээлттэй болохоо зарласнаас хойш буюу хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 3-ны өдрийн хооронд, 17 хоногийн хугацаанд ОХУ-ын нийт 1,020 иргэн орж ирсэн нь мөн хугацаанд хилээр нийт орж ирсэн гаднын зорчигчдын 35.3 хувийг дангаараа эзэлж байв.
Ташрамд дурдахад, 2014 оны есдүгээр сарын 3-наас эхлээд ОХУ болон Монгол Улсын иргэд харилцан визгүйгээр 30 хоногийн хугацаанд зорчдог болсон билээ.