Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг хэрхэн сэргээх төлөвлөгөөг та харсан уу. Эргэн сануулья.

Төмөр замын боомтын хувьд нэвтрэх чадварыг олон улсын түвшинд хүргэх цогц шинэчлэл хийж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах ажлыг эхлүүлж, үндэсний 5600 орчим км төмөр замын сүлжээ байгуулна. Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтыг төмөр замаар холбож, УБТЗ ХНН-ийн Алтанбулаг-Замын–Үүд чиглэлийн хоёр төмөр зам барьж, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Автозамын боомтын хувьд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт гэсэн 14 боомтыг автозамаар холбоно. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барина. Агаарын хувьд Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Шинэ нисэх онгоцны буудлыг Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон өргөжүүлнэ. Карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал болон экспортын шинэ боломж нээнэ гэжээ.

 

Яагаад боомт чухал вэ?

Бид өмнө нь энэ тухай ярьж байсан бил үү. Огт хөндөөгүй сэдэв бол биш. Өмнөх Засгийн газрууд Боомтын үндэсний зөвлөл гээчийг байгуулж, Сангийн сайд нар даргалж, зарим ажлыг ч эхлүүлсэн байдаг. Гэвч боомтууд ямар чиглэлээр, хэрхэн хөгжиж, цаашид юунд хаашаа чиглэсэн гарц байх вэ гэх ирээдүйгээ харсан хөгжлийн төлөвлөгөөгөөр ажилласан уу гэвэл үгүй. “Шинэ сэргэлтийн бодлого” бодлогын баримт бичгийг боловсруулсан Засгийн газрын ажлын хэсгээс энэ тухай тодруулахад өмнө нь дөрвөн боомт дээр л хөгжлийн төлөвлөгөө гаргасан байдаг.

Манай ажлын хэсэг 10 боомтын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байна гэсэн хариулт өгч байв. Хилийн цаад талд шинэ боомт хотууд үүсч, хөгжөөд байхад манай улсын Замын-Үүд, Алтанбулагийн боомт бахь байдгаараа олон жилийг үдэж байгааг бид өөрсдөө харж мэдэрч л байгаа.Монгол Улсын хөгжлийн ирээдүй аж үйлдвэрийн хувьсгал, оюуны үйлдвэрлэл гэж “томоор ярьдаг” ч бидэнд үүний төлөө мөнгө, тэр тусмаа валют хэрэгтэй нь туйлын үнэн. Гэтэл яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад валют олж болох ганц зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүн. 2021 оны мэдээгээр экспортын 92 хувь уул уурхай, үүний 83 хувийг Хятад руу бид гаргаж байна.

Ямартай ч бодитойгоор харвал эдийн засгаа тэлэх ганц гарц нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх. Дэлхий нийтээрээ нүүрсний эрчим хүчнээс татгалзаж байна гэдэг ч авсаар байгаа нь үнэн. Ойрын хэдэн жилдээ ч авна. Тиймээс ч Засгийн газраас боомтын сэргэлтийг юун түрүүнд онцолсон биз. Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ-ын хувьд өнгөрсөн жилийн өдийд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын дөрөвдүгээр чуулганаар 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө буюу 2021-2025 оны Засгийн газрын богино хугацааны үйл ажиллагааны зорилтоо баталсан.

Улсын төлөвлөгөө нь муж бүртээ задарч, салбар бүрт ягштал хэрэгжүүлдэг учраас олон улсын сонирхлыг зүй ёсоор татдаг.

Боомтын сэргэлтийг эрчимжүү­лэхэд БНХАУ-ын хөгжлийн төлөв­лөгөө нэн чухал гэдгийг манай бодлого боловсруулагчид ч онцолж буй. Тэгвэл ирэх таван жилд БНХАУ-ын зүгээс Монголтой шинэ боомт нээхгүй. Харин өнөөдрийн боомтууд дээрээ юуг, хэрхэн өөрчлөх вэ, цаашид стратегийн ямар зорилгоор ашиглах вэ гэдгээ маш тодорхой тусгасан аж. Эрээн-Замын-Үүд боомтын хувьд Алтанбулагаар дамжаад Хятадыг Европын зах зээлтэй холбох хамгийн гол маршрут хэмээн үзжээ. Боомтын төлөвлөлтөө ч үүнтэйгээ уялдуулсан гэнэ. Энэ зам нь Хятадын Европ руу тээвэрлэлт хийж байгаа бусад маршруттай харьцуулахад хоёр өдрөөр дөт юм. Тиймээс ач холбогдол өгсөн нь ойлгомжтой.

Хангийн боомтын хувьд урд хөршийн Монголоос авч байгаа уул уурхайн гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, нүүрсний хамгийн дөт зам. Авсан бүтээгдэхүүнээ Бугатын гангийн үйлдвэрт ашиглана. Тий­мээс ч төмөр зам, автозамаа Хятадын талаасаа Ханги руу аль хэдийнэ төвлөрүүлчихсэн. Нэвт­рүү­лэх хүчин чадлыг нэмэг­дүүлж, хүний оролцоог багасгахаар бүтээн байгуулалтын ажлууд ч эхлүүлжээ. Манай талаас Хятадын энэхүү төлөвлөлттэй уялдуулаад Ханги руу төмөр замаа яаралтай тавих нь чухал гэдгийг ч мэдэрч буй. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын автобоомтоор экспорт хийж байгаа. Ханги руу төмөр зам очингуут ачаа зөөх терминал баригдах ёстой. Мөн автозам ч очно. Тиймээс автобоомт дээр ачиж буулгах терминал байгуулна. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын барилгын ажилтай зэрэгцээд боомтын бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

Бид одоогоор Гашуунсухайт, Шивээхүрэн, Эрээн боомтоор экспортын гол бүтээгдэхүүнээ гаргаж байна. Жилдээ Гашуун­сухайт боомт 20 гаруй сая тонн, Шивээхүрэн 13 сая, харин Замын-үүд-Эрээн 40 сая гаруй тоннын хүчин чадалтай гэдэг ч гаргадаг урсгал нь 10 сая тонн гэж тооцдог. Ингээд манай нийт экспортын урсгал ихдээ 40 гаруй сая тонн. Тулсан хүчин чадал нь л энэ. Энэ хэмжээгээ нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгаа тэлэх боломж ховор.Боомт дээр хүний амьдрах орчныг бий болгох дэд бүтцийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Харин хувийн хэвшлийн үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд  чиглэсэн ажлыг тэдний оролцоотой л хийнэ. Иймээс Зүүнбаян-Хангийн төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэхээр боллоо. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгосон юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллараар бууруулна. Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм. Монгол Хятадын хилийн 13 боомт үйл ажиллагаа явуулдгаас 12 нь автозам, 1 нь төмөр замынх байсан. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар төмөр замын хоёр гарцтай болох юм.

 

Зургаан боомтыг хатуу хучилттай замаар холбох ажил эхэлсэн

Харин үүнээс өмнө боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, суурьшлын бүсийн орчин нөхцөлийг сайжруулах ажлыг эхлүүлээд буй юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өмнө дурдсанчлан 14 боомтыг хатуу хучилттай замаар холбоно.

Өнөөдрийн байдлаар олон улсын банк санхүүгийн байгууллага, улсын төсвийн хөрөнгө оруулалт, концессоор зургаан боомтыг хатуу хучилттай замаар холбох хөрөнгийн асуудал шийдэгдсэн байна.

Цагааннуур боомт чиглэлийн 25.5 км зам энэ жилийн наймдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж, өнгөрсөн жил ажил нь эхэлсэн. Азийн хөгжлийн банкны зээлээр баригдаж буй тус замын ажлын явцтай энэ сарын эхээр Зам тээврийн хөгжлийн сайд С.Халтар танилцсан. Суурь далангийн ажил  хийгдсэн учраас төлөвлөсөн хугацаанд замыг дуусгана гэдэгт гүйцэтгэгчид итгэлтэй байгаа аж.Хоёр дахь нь ОХУ-тай хиллэдэг Зэлтэрийн боомтыг автозамаар холбох төсөл. Сэлэнгэ-Дархан- Шаамар-Цагааннуураас Зэлтэртэй холбогдох 124 км замын ажил өнгөрсөн онд эхэлсэн. 2023 онд ашиглалтад орно.

Дорнод аймгийн доод Ульхан-боомтыг автозамаар холбох ажлыг улсын төсвөөр гүйцэтгэхээр энэ жилийн төсөвт суулгасан. Тендер зарлагдсан. Үнэлгээний хороо ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хэлж байв.

Хавиргын боомтын 124.5 км замын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар тендер зарлагдаж байгаа. Төлөвлөсөн ёсоор ажиллавал 2024 он гэхэд дуусна.Харин Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэлх автозамыг концессоор барья гэсэн хүсэлт хувийн хэвшлийн зүгээс тавьж байгаа учраас барих-ашиглах-шилжүүлэх нөхцөл­тэй­гээр концессоор эхлүүлэхээр төлөвлөжээ.

Зургаа дахь нь Тавантолгойгоос Ханги чиглэлийн 416 км замын ажлыг концессоор эхлүүлсэн. Эхний төлөвлөгөөгөөр 2022 онд дуусах ёстой ч ажлын хэсгийн дүгнэлтээр 2023 оны төгсгөлд дуусах аж. Цаашид экспортын хэмжээнээс шалтгаалж,  ирэх дөрвөн жилд үлдсэн найман боомтыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг шат дараатай хийнэ гэдгийг салбарын сайд хэлж байсан юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН