Тэрээр нэгэнтээ эхнэрийнхээ авч өгсөн шинэхэн ботинкийг мөрийтэй тоглож алдчихаад хөл нүцгэн харьсан тухай их л эд бах, эр зориг болгон ярьсан нь бий.

Гутлаа тавиад мөрийтэй тоглох нь яахав эр зориг, эрх чөлөө юм байлгүй. Харин алдчихдаг нь ёстой “юу вэ,юу вэ, юу вэ” биш үү. Өөрийгөө хэн бэ гэдгийг юу ч эргэцүүлж бодохгүйгээр ил цагаан илчилж байгаа нь сайн хэрэг мэт санагдах ч, цаана нь бөөн асуудал. Аливааг эргэцүүлж боддог нэгэнд бол гутамшиг. Улс төрч гээд байгаа нөхрийн хувьд бол байж боломгүй асуудал. Хамгийн хөөтэй юм нь, Гадаад их гүрнүүдийн тэрбумтан эрх баригч ноёд, тэдний тагнуулчид аливааг тунгааж бодоод, эргэлзээд байхааргүй түвшний сэтгэлгээтэй, огт гэгээрээгүй нөхрийг улс төрчдөөс хайж, судалж байдаг дамшигнууд гэсэн. Тэд өгсөн үүрэг даалгавар, заавар зөвлөгөө, захиалгыг нь эргэлзэхгүйгээр шууд гүйцэтгэчих, мөнгө эрх мэдэл, албан тушаалд нугасгүй нөхрийг л олж тухайн улс үндэстнийх нь дээд эрх мэдэлд хүргэх алтан дүрэмтэй. Хариуд нь тухайн улс орны Төрийн эрх мэдэл, байгалийн баялгийг нь нөгөө төлөөний нөхөр, түүний хамтарсан бүлэглэлээр дамжуулан эзэгнэдэг жамтай гэдэг нь дэлхий нийтэд улам бүр илчлэгдсээр одоо маш тодорхой болчихоод байгаа. Тэр дүрмийн хүрээнд, Социалист системийг нурааж, гишүүн асан бага буурай орнууд руу шуналын шүлсээ савируулж, төлөөний нөхрөө хайж байсан Капиталист гүрнүүдийн өгөөшинд бүртгэгдсэнээ, гутлаа бооцоонд алдчихаад гудийдаггүй мань эрд ойлгох сэхээ байж таарахгүй л дээ. 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд, Ардчилсан холбоо эвсэл 50:25:1 харьцаагаар дийлэнх олонх биш ч яламшаан болж, анх удаа Төрийн эрх мэдэлд хүрлээ.

 

 

1997 оны хавар Капиталист ертөнцийн боссууд, геологи, уул уурхайн Олон улсын бага хурал нэрийн дор Э.Бат-Үүл нарын нөхдийг, Олон улсад “Хорт Боб” хэмээн авгайлдаг, алуурчин, зальхай луйварчин Фрийдландын эх орон Канад улсад дуудах нь тэр!!! Э. Бат-Үүл нар ч Капиталист том улс үзэхээр ухаан жолоогүй баярлаж, гялс манаргаад хүрчихэж, тэнд юу ч болсон юм хэн мэдлээ.

 

 

Харин Э.Бат Үүл, Фрийдланд гэдэг баян эр толгойноос минь үнэтэй бэлэг өглөө гэж нөхдөдөө мэдээлэл алдсан гэдэг. Ингэж л бид Фрийдланд гэгчийн нэрийг анх дуулсан даа. Э.Бат Үүлийн толгойноос үнэтэй тэр бэлэг юу байв. Мань эр бэлгээ хаачуулсан бол. Одоо оффшорт орооцолдуулаад байгаа тэр золиг биш биз. 3x3 орчим хэмжээний, түүнээс ч том байж мэдэх, хосгүй ховор очир алмаз байсан мэдээлэл тэнэж л явсан. За за юу ч байсан, хаачуулсан ч байсан Үүл бааваа маань толгойгоор үнэлэгдэх том бэлгийнхээ хариу барих л ёстой болж. Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэж өвөг дээдсээс бичиглэн үлдээсэн нэг лут дүрэм бий. Мөд удалгүй 1997 оны сүүлээр байх аа, Ц.Элбэгдоржийн засгийн газрыг түлхэн унагаж, Халзан Ганболдоор халхавчилан хэт нь Э.Бат Үүлийг Ерөнхий сайдад зүтгүүлэх ажиллагаа явсныг бид тов тодорхой санацгааж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди тухайн үеийн хуулиар хориг тавьсаар, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээ үргэлжлүүлсээр, 1998.10.02-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой болоод байсан, аливааг заавал эргэцүүлэн боддог, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн ажиллагаа явагдав. С.Зоригийн амийг хэн хөнөөв. Хэн хэлсээр, нууцаар цаазлав. Хэлмэгдүүлэлт өнөө ч үргэлжилсээр байгаа биш үү. Эгэл жирийн иргэн Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хэлсээр яллачихаад гэм буруугүй нь илчлэгдэхээр суллах аргаа мэдэхээн байчихдаг, бусдын заавар зөвлөгөөг эргэцүүлэн бодож өөрийнхөөрөө зүтгэдэг, доктор М.Энхсайханыг хийсэн төсөл нь огт хэрэгжээгүй, хэнд ч хохирол учраагүй байхад төслийнх төлөө шоронд хийчихдэг ямар хууль, ямар шүүх орчинд хөмрүүлчих вэ, бид. Бүх дэлхийг захирах хязгааргүй шунал тачаалаа нуудаггүй, Барууны тэр бумтан ноёдын бууны нохой, тэднээс санхүүждэг байж тун магадгүй гэх хардлагад өртдөг, Хүний эрхийн үндэсний комисс гэх сүржин байгууллага хаачсан бэ??? Өнөө цагийн Ардчиллын манлайлагч, Улсын Баатар гээд байгаа Үүл бааваа Манлайлагч мөн үү? Арай толгойгоо мөрийнд алдчихаад мунгинаж яваа гадныханы боол биш биз.

 

Тэр нэг ээлжиндээ УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй байж байгаад Улаанбаатар хотын дарга болж доошоо орсон хачирхалтай явдал болов. Түүний хотын даргын сэнтийд залраад хийсэн түүхэнд мөнхөрсөн, нэгэн цуут ажиллагаа бол Нийтийн хувьсгалын аугаа их жолоодогч В.И.Лениний хөшөөг нийтийн нийгмийг үнсэн товрог болгохыг мөрөөдөгч нарын захиалгаар буулгасан гэх гаргалгаа цохиж л явсан. Арга ч үгүй юм. Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг ертөнцийн дүрмийг бидний өвөг дээдэс ийнхүү цэцэлсэн билээ. Хөшөө дурсгалаар оролдох нь тэнэгүүдийн үйл бөгөөд түүхийн эсрэг гэмт хэрэг, нүгэл болно. Нүгэл нүдээрээ гардаг гэдэг. Түүх  харах болно. Фрийдландын гарын түнш, Э.Бат Үүлийн хойноос, Хотын даргын төлөө УИХ-ыг хөсөр хаяж, үхэн хатан зүтгэсэн нөхөр бол Үндэсний бөхийн Улсын аварга Д.Сумьяабазар. Бөх хүн бүдүүн хадуун ч гэдэг үг бий. Бөх хүн бүдүүн өвсөнд гэх хэлц үг ч бий. Аварга маань, юу хийгээд, юутай орооцолдоод жудагтаа цөв оруулаад явна даа. Бурхан тэнгэр минь. Тэр уул уурхайн сайд байхдаа нөгөө л Фрийдландаас 10 сая ам\ доллар хармайлсан гэх дуулиан тэгсхийгээд нам болсон. Ямар ч гэсэн Улаанбаатар хотын даргын сэнтий УИХ-ынхаас хол илүү үнэтэй бололтой. Идүүрэндээ байна уу? Өөр стратегийн онцгой ашиг сонирхол байна уу, гэдгийг Хэнбэ гуай хэлж өгөх юм бол. Үндэсний аюулгүй байдалд маш ноцтой хохирол учируулахуйц иймэрхүү илт бохир ажилагааг \операцыг\ судалж, тандаж учрыг нь олдог байгууллага маань юу билээ. Зүгээр л толгойг нь илээд, хувь хишиг горилж суудаг нь “юу вэ, юу вэ, юу вэ”. Үндсэн хуулиар ард түмнийх байх ёстой, Төрийн дээд эрх мэдэл хаа явнаа !!! Өнөөгийн дүр төрхөөр бол авилгачдын гарт оржээ. Эцэг өвгөдийн амиараа үнэлэн, бидэнд үлдээсэн эх орон, зөв хүчирхэг засаглалыг мөрөөдөж, түмэн олныхоо төлөө сэтгэлээ чилээж,үнэнийг мэдэхийг оролдож явдаг мань мэтийн эгэл жирийн Монголчуудын хохь нь болох уу? Үгүй дээ. Үгүй. Мөнх хөх тэнгэр одоо л бидэнд тусал !!! Бид чадна.

 

 

Хөвсгөлийн малчин Ай.Маджавын “Төрийн төлөө оготоно” цувралаас...

Эх сурвалж: "Хөх толбо" сонин