Нүүрсний үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2022/03/11
Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ энэ сард тонн тутамдаа 400 ам.доллар давж, түүхэн дээд түвшиндээ хүрэв.
Украинд дайн эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд авч байгаа нь олон улсын эрчим хүчний хямралд хөтөлж, угаас нэмэгдэж байсан түүхий эдийн эрэлт улам өсөж, ханш ийнхүү улам өсөөд байна.
Цар тахлын дараах эрэлтийн улмаас нүүрсний үнэ 2021 оны аравдугаар сараас хойш тасралтгүй өсөж байгаа бөгөөд 2022 оны эхэнтэй харьцуулахад ойролцоогоор гурав дахин өсөж, өнөөдөр 370 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
businessinsider
Монгол Улс 2021 оны төсвийн тодотголоор 28.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч гүйцэтгэлээрээ 15.9 тонныг гаргаж чадсан. Үүнээс БНХАУ-д 14.6 сая орчим тонныг экспортолж, 2.5 орчим тэрбум ам.долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, тус улсад нэг тонн нүүрсийг дунджаар 169.4 ам.доллароор тооцож борлуулсан байна.
Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар 1.3 орчим сая тонн нүүрс экспортлоод байгаагаас 1.2 сая тонныг БНХАУ-д нийлүүлж, 305 сая ам.долларын орлого олсон статистикийг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болно. Эндээс тооцвол Монгол Улс 2022 оны эхний хоёр сард нэг тонн нүүрсээ дунджаар 252.6 ам.доллароор экспортолжээ.
2022 онд манай улс нийт 36.7 сая тонн нүүрс экспортолж, 1.5 орчим их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Хэрэв дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурахгүй, өнгөрсөн хоёр сард экспортолсон үнээрээ цааш нийлүүлж чадвал үлдсэн хугацаанд 2.5 орчим их наяд төгрөг төсөвт төвлөрөх боломжтой харагдаж байна.