Эхлээд оршил хэлье. Арай томдсон бол өршөөгөөрэй. 1917 онд зөвлөлт засаг тогтсоны дараа Зөвлөлт Холбоот улс хаант Оросын түрэмгий бодлогыг улам идэвхтэй үргэлжлүүлэв.Хаант Оросын үед 17 дугаар зуунаас эхэлж орос цэргүүд хойд зүгт Шведтэй дайн хийж шведийн Балтийн тэнгисийн орчим нутгийг эзэлж байв.

Өмнө зүгт Турктэй дайтаж Крым болон Кавказыг Туркээс булаан авч байв. Дорно зүгт орос цэргүүд довтолж монголын Алтайн хязгаар болон Байгаль далайн орчмын уудам нутгийг Монголоос булаан авч байв. 

 

Орост зөвлөлт засаг тогтсоны дараахан оросын улаан арми дундад азийн Узбек, Бухар, Самарканд, Таджик, Казах, Киргизийн нутгийг эзэлж тэнд зөвлөлт засгийг тогтоов. 

 

Зөвлөлт улс 1921 оны 7-р сарын 6-ны өдөр Монгол улс руу Нейманы удирдсан 15 000 улаан орос цэргээр довтолж нийслэл Хүрээг эзэлж Богд хаант монгол төрийг устгав. 1924 онд Зөвлөлт улс Монголын Урианхайн хязгаарыг эзэлж Тува хэмээх тоглоомын улсыг байгуулж Монгол улсаас салган авч өөрийн мэдэлд авав. 

Зөвлөлт Холбоот улсын Гадаад явдлын сайд В.Молотов Германий Гадаад явдлын сайд Риббентроптой 1939 онд гэрээ байгуулж зүүн европыг хуваан авахаар тохиролцов. 1939 оны 9-р сарын 17-ны өглөөний 06 цагт зөвлөлтийн улаан арми Польшийн зүүн талаас довтолж эхлэв. Германий арми Польшийн баруун талаас довтлов. Зөвлөлт улс Польш руу 600 000 цэрэг, 4000 танкаар дайрчээ. Ийнхүү Польшийн зүүн нутаг Зөвлөлтөд эзлэгдэв. Зөвлөлтийн цэргүүд 22 000 польшийн офицерийг олзолж тэдгээр 22000 польш офицерийг Сталиний тушаалаар Смоленскийн ойд Катынд аваачиж бүгдийг нь буудан хороож газарт том нүх ухаж булжээ. 

1939-1940 онд зөвлөлтийн улаан арми Сталин, Молотовын тушаалаар гэнэт Финлянд улс руу 800 000 орос цэрэг, 3000 танк, 2500 нисэх онгоцоор довтолж, финляндын нутгийн 11.0 хувийг эзлэн авчээ. Энэ дайнд 100 000 орос цэрэг алагдаж, 25 000 финлянд цэрэг үрэгджээ.

1940 онд зөвлөлтийн улаан цэрэг Прибалтикийн орнууд буюу Эстони, Латви, Литвийг түрэмгийлэн эзэлжээ.

1945 онд зөвлөлтийн улаан арми зүүн европын Болгар, Польш, Чехословак, Румын, Албани, Унгар, Югослав, зүүн Германыг эзэлж зөвлөлтийн нөлөөг тогтоож коммунист дэглэм тогтоолоо. Хожим нь 1950-1960, 1970-аад онуудад Зүүн Герман,Унгар,Чехословак, Польшид гарсан зөвлөлтийн харгислалын эсрэг боссон ард түмний жагсаал цуглааныг зөвлөлтийн арми олон мянган танктай орос цэргүүдийг оруулж харгислан дарав. 

1945 онд зөвлөлтийн улаан арми ази тивд цэргээ оруулж солонгосын хойд хэсэг, хятадын манжуур, өвөр монгол болон японы курилын арлуудыг эзлэв. Зөвлөлтийн удирдагч Сталин эзэлсэн Өвөр Монголыг 1945 онд хятадын улаантны удирдагч Маод бэлэглэв.

 

1957 онд Монгол дахь Зөвлөлтийн элчин сайд В.Молотов “Тувагийн үлдсэн газар нутгиийг Зөвлөлт Холбоот Улсад өг” гэсэн хууль бус шаардлагыг монголын талд тавьж хойд монголын 2500 квадрат км газар нутгийг булаан авав. Монгол газар нутгаа Молотовт өгөхгүй гэсэн монголын Гадаад явдлын сайд Аварзэдийг Цэдэнбал ажлаас нь халж хөдөө газар нутаг заан цөлөв.

1966 онд зөвлөлтийн цэрэг хятадын амур мөрний жинбода хэмээх 1 квадрат км жижиг арлыг Хятадаас булаан авав.Үүнээс болж зөвлөлт хятад хоёр бараг дайны ирмэгт тулав. 

1979 -1989 онуудад онд зөвлөлтийн цэргүүд Афганистаныг арван жилийн турш түрэмгийлэв.Энэхүү арван жилийн дайнд зөвлөлтийн 25 000 цэрэг Афганд алагдаж, 55 000 цэрэг шархдаж, 420 цэрэг ор сураггүй алга болжээ. Афганы талаас 90 000 можахед алагдаж 75 000 афган хүн шархаджээ.

1999 онд Орос Чечений дайн эхлэв.

2014 онд Оросын Холбооны улс Украйны Крымийг довтолж эзлэв.

2022 оны 2-р сарын 24 -ний өглөөний 06 цаг. Оросын Холбооны Улсын цэргүүд ерөнхийлөгч Путины тушаалаар Украйн улс руу довтолж украйны цэргийн обьектуудыг бөмбөгдөж пуужингаар харваж байна. Оросын арми Украйны хойд зүг Беларусийн талаас танктай дайрч байна, зүүн зүгээс Харьковын чиглэлд дайрч байна, өмнө зүгээс Крымийн талаас Одессийн чиглэлд дайрч байна. Оросын десантын ангиуд агаараас украйны нутагт бууж байна. Орос Украйны дайн эхэлжээ.

 

Монголчууд бид ийм л дайнч түрэмгийлэгч хөрш улстай хиллэдэг, өнгөрсөн дөрвөн зуунд монголын 1.5 сая квадрат газар нутгаа Орост булаалгасан гэдгээ сайтар санаж байвал зохино. Гэтэл Орос улсыг Монгол улсын хамгийн найрамдалт ах дүүгийн харилцаат улс, монголын тусгаар тогтнолын баталгаа хэмээн үздэг монголчууд олон байх аж.

 

Тусгаар тогтнолын баталгаа бол монголын газар нутаг, монголын төр, монголын ард түмэн билээ. Бид Орос улстай харилцаагаа муутгаж болохгүй. Харин хойд хөрштэй бусад улсын л адил эрх тэгш, харилцан ашигтай харилцах хэрэгтэй. 

                                                                                                                    

Үндсэн сэдэв. Монголчууд маань Украйн улс, Бандерагийн тухай ямар ч ойлголт алга. Зарим монголчууд "Орос улс Украйнд дайн хийх нь зөв, бендер,бандарчуудыг алаад өг, нацистуудыг алаад өг" гэх мэтээр буруу зөрүү ярих юм. Украйны Харьков хотын нэрийг Харькоов гээд л буруу дуудах юм. Ийм учир Бандера гэгч хэн бэ гэдгийг жаахан өгүүлье. Украйны улс төрийн зүтгэлтэн, Украйны үндэсний хөдөлгөөний удирдагч Степан Бандера 1909 онд католик шашинтны санваартны хүү болон төрсөн. 3 эрэгтэй дүү, 3 эмэгтэй дүүтэй байсан. Степан хүүхэд байхаасаа эхэлж гуравдугаар ангид 11 настайдаа үндэсний үзэлтнүүдийн нууц байгууллагад элсэн орж байсан. Хүүхэд байхдаа цагдаад баригдвал өөрийгөө наана нь хатуужуулна гээд гараа зүүгээр хатгаж өөрийгөө алгаддаг байжээ. Тэр Львов хотын политехникийн дээд сургуульд 6 жил сурчээ. 1934 онд тэрбээр Украйныг эзэлсэн Польшийн эсрэг хөдөлгөөнд оролцож Польшийн цагдаад баригдаж шоронд орж цаазаар авхуулах ял авч байжээ. Гэвч алах ялыг бүх насаар нь хорих ял болгожээ. Польшийн шоронд 1939 он хүртэл байжээ.1939 онд Польшийн шоронгоос гарсан.1939 онд Герман улс Зөвлөлт улс хоёр Польшийн хоёр талаас нь зэрэг довтлов. 1940 оны 12-р сард Зөвлөлтийн НКВД украйны үндэсний үзэлтнүүдийн эсрэг ажиллагаа явуулж 1000 шахам бандерчуудыг баривчилж ихэнхийг нь цаазлан буудан алжээ.

 

Бандера 1941 онд Зөвлөлтийн улаантнуудын эсрэг зэвсэгт бослого гаргаж 10 000 гаруй бандерчууд 2100 улаантан большевикуудыг хөнөөв. Герман Зөвлөлт руу 1941 оны 6-р сард довтлов. Германий гестапо Бандераг 1941 онд Краковт баривчилж германий хорих лагерт хорив. Германчууд түүний 3 эрэгтэй дүүг баривчилж Освенцемийн хорих лагерт хорьж хөнөөсөн аж. Германий СС-ийн генерал Бергер Бандераг байцааж түүний талаар "Энэ Бандера гэгч их эвгүй, зөрүүд, өөрийн үндэсний үзэлдээ үнэнч, оросуудыг ч үзэн яддаг, немцүүдийг ч үзэн яддаг аюултай хүн байна" гэсэн дүгнэлт өгч байжээ. Бандераг немцүүд 1944 онд шоронгоос гаргажээ. Бандера 1945 оны 2-р сард Австрид очив. Дараа нь тэр америкийн армид эзлэгдсэн германий Бавари мужид очсон. Тэр тэнд Мюнхен хотод дайны дараа эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байсан .Гэтэл Бандераг 1959 онд зөвлөлтийн КГБ-ын тагнуул Богдан Сташинский гэгч гэрт нь отож байгаад ажлаасаа гэртээ буцаж ирэх үед нь цианы калитай хорт сумаар нүүрэнд нь буудаж хөнөөжээ. Бандера ийнхүү 50 настайдаа КГБ-ын зандалчны гарт алагдав. Бандера бол бүх амьдралаа Украйн эх орныхоо тусгаар тогнолын төлөө зориулжээ. Бандера бол Польш, Зөвлөлт, Германаас огт хамаарахгүй эрх чөлөөт Украйн улс байгуулахын төлөө тулалдаж явсан эх оронч хүн юм. 2010 онд Украйны ерөнхийлөгч Ющенкогийн зарлигаар Степан Бандераг Украйн улсын баатар цолоор шагнажээ.Түүний тухай олон ном, киног бүтээсэн байдаг. Бандерагийн товч намтрыг өгүүлэхэд ийм л байна.

 

 

    Доржийн СҮХБААТАР