Өнгөрөгч оны тавдугаар сарын 21-ний орой БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаднын халдлагад өртсөн.


Тэрбээр 18.00 цагт яамныхаа нэг давхарт зохион байгуулагдсан “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадын шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцсон. Тэгвэл тус арга хэмжээний өмнөхөн Л.Энх-Амгалан сайд руу 37 настай Д.Совд гэгч нь хутгатай халдсан нь олны анхаарлыг татаад байсан билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан иргэн Д.Совдод холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Д.Совд нь 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол, шинжлэх ухааны яамны үүдэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж буюу “Монгол хүүхдүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн вакцин тарьж болохгүй” гэж биед нь хүч хэрэглэн халдаж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан заналхийлсэн,

Мөн Л.Энх-Амгалангийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан байна. 

Шүүхээс шүүгдэгч  Д.Совдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэмж мэдээллэхэд, гэмт хэрэг үйлдэхээр завдахыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” хэмээн журамлаж өгчээ.

 

Д.Совд нь УИХ-ын сонгуулийн 17 тойрогт бие даан Л.Энх-Амгалантай өрсөлдөж байжээ.  2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ойрхон ажилладаг байсан гэх мэдээлэл ч байна.

Хоёр жилийн өмнө буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө тэрбээр УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба танил тал ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж буйг харж болох олон талт судалгааг хийсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлж, АТГ-д нэр бүхий гишүүдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа нэрлэсний дунд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн нэр дурдагдаж байлаа.