АН-ын даргын сунгааны сурталчилгаа үргэлжилж байна. АН-ын даргад нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Өмнөговь аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой яагаад муудалцсан шалтгаанаа тайлбарлажээ.

 

Тодруулбал тэрээр:  "Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байсан М.Энхсайхан нар Тавантолгойг Хятадын "Шинхуа" гэж компанид 100 жилээр түрээслэх гэж УИХ-аар санал оруулж ирж байсан юм. 100 жилээр шүү дээ.

 

Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг яллах гээд байгаа юм биш. Үеийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсыг удирдаад явна. Тэгэхдээ хэн нь ч, хэзээ ч газар нутгаа тасдаж, гадныханд 10, 20, 30, 100 жилээр өгч болохгүй ээ гэснээс болж би маш олон дайсантай болсон.

 

Ц.Элбэгдоржтой муудсан шалтгаан бол эх орон, газар нутаг, Тавантолгой, баялгаа харийнхнаас хамгаалсан явдал юм шүү. Би хэнтэй ч хэрэлдээд яваад байдаггүй. Дарга нарын зодоон гээд над руу хаяглаад байх шиг байна. Нөгөө хэд чинь л нийлчихээд над руу дайраад байгаа шүү дээ. Ерөөсөө гурав, дөрөвхөн хүн байгаа. Ц.Элбэгдоржтой би 30 гаруй жил найзалсан. Яг ийм зүйл дээр  би хүлээн зөвшөөрч, цаашид найзалж явах боломжгүй болсон." гэв.