“Японоос ирсэн 20 тонн хуучин хувцас үнэгүй тараана" гэсэн зарын дагуу өчигдөр хэдэн зуун хүн Дэнжийн мянгын хашааны гадаа өглөөний 06 цагаас эхлэн цуглав. 

Энэхүү зарыг тараасан "Монгол бөөгийн-гэр музей" байгууллага, “Буянт Дэнж” ТББ-ынхан харамсалтай нь өөрсдийнхөө хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдэд тараах сайн санааны аян хэмээн эхлүүлсэн ч төсөөлөөгүй хүндрэлтэй тулж, хэл амны бай болоод амжив. Хэтэрхий олон хүн цугласан учраас хувцас тараах байтугай хашаа руугаа ч орж чадаагүй учраас цаашид зохион байгуулалттайгаар  хороогоор нь дамжуулан тараая гэсэн шийдэлд хүрсэн хэмээн мэдээлэл өгсөн юм. 

Залуусын хувьд хамгийн их бухимдал дагуулсан зүйл нь нэг өдрийн дотор олон нийтийн сүлжээгээр хэтэрхий их доромжлол хүртсэн гэнэ. “Бидний хувьд уламжлалт зан үйлийг сэргээн цаашид авч явахын төлөө хичээж явдаг залуус. Түүнээс улс төр намын ямар нэгэн асуудалд орооцолдохыг үнэхээр хүсдэггүй. Бидний ард хэн ч байхгүй. Хамгийн гол нь монголчууд маань үнэхээр сэтгэл зүйн эмгэгтэй болчихсон гэдгийг харлаа. 

Хэл амаа билүүдэж, сошиалд тавьсан хүний зургийг элдвээр гутаан доромжлох ажилдаа ашиглаж байгаа нь үнэхээр хэцүү санагдаж байна. Тиймээс цаашдаа сэтгэл зүйн подкаст бэлтгэж, залуусдаа хүргэнэ”  хэмээн "Монгол бөөгийн-гэр музей" байгууллагын төлөөлөл зайран Т.Ангар ярьсан юм. 
Тэрбээр “Бидний амьдрал ямар байгааг ердөө энэ өдрийн үйл ажиллагаа харууллаа. Бид заавал төр гэлгүй нийгэмдээ жаахан ч гэсэн гэрэл гэгээ түгээхсэн гэхдээ залуус хамтран  сайн үйлсийн ажлууд төлөвлөөд эхэлж байгаа нь энэ. Цаашдаа ч бид хамтраад соёлын болоод тусын ажил хийе гэж төлөвлөсөн” гэлээ. 

Комиссын хэмээн онцлон зар тараасан боловч тэнд ашиг олох гэж очсон хүмүүс нь зорилтот иргэдээсээ ч дутахгүй байсан гэдэг л үнэхээр эмгэнэлтэй. Дээрээс нь цугласан хүмүүс дунд залуус багагүй хувийг эзэлсэн нь бүүр ч харамсалтай. Энэ нь залуус маань бэлэнчлэх сэтгэлгээтэй, бусдын гар хардаг болсны илрэл. Тэдний хэлснээр Монгол хүн үнэхээр сэтгэл зүйн доройтолд оржээ. Төр засаг биднийг ядуу амьдрууллаа гэхээсээ илүүтэйгээр өөрсдийнхөө ухамсрыг дээшлүүлэхэд илүү анхаараач ээ хэмээн халаглаж байгааг нь хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс арга алга. Сайн үйлсийн аян хийе гэх залуусын санаачилга сайхан ч олон нийтийн сүлжээгээ дамжуулан зар тавьсан, зохион байгуулалтаа сайн хийж чадаагүй гээд алдсан тал бий. 

Хүний хуучин хувцас авахгүй хэмээн цамаан загнадаг монголчууд Япон хувцас гэхээр ийн шуурсан бололтой. Тиймээс гаднаас комиссын хувцас үнэгүй авах гэж гүйхээс илүүтэйгээр нэн тэргүүнд хуучин хувцсаа ангилах, боломжгүй амьдралтай нэгэндээ дэм болгоод өгчих ангилан ялгах савыг хороолол бүртээ тавьчих нэгдсэн аян өрнүүлж чадвал нэг нэгэндээ дэм болох төдийгүй байгаль дэлхийдээ ч сайн үйлсийн аян болох нь биз. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН