Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-нд буюу өчигдөр болж, С.Эрдэнэ даргатай АН-аас өргөн барьсан Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн билээ. Үүний дараа С.Эрдэнэ тэргүүтнүүд хэвлэлийн бага хурал хийж, хууль ёсны АН бол бид хэмээн мэдэгдсэн.

Харин энэ үйл явдлыг АН-ын жирийн гишүүд илт дургүйцэн, биднийг ингэж басч болохгүй гэсэн байдлаар хүлээн авч буй аж. Ер нь АН-ын даргын сунгаанд Х.Баттулга ялалт байгуулах нь тодорхой болмогц эрх баригчид сандралдан, уг шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй тухай эх сурвалж өгүүлж байна.

Гэсэн ч АН-ын даргын сунгааны саналт хураалт товлосон ёсоор хэвийн явагдах ажээ.

 

АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны албан ёсны мэдээлэлд энэ тухай : " АН-ын даргын сонгууль 2022 оны 4-р сарын 3-ы өдөр 09.00-20.00 цагийн хооронд орон даяар явагдана. АН-ын гишүүн та харьяа хэсгийн хороон дээрээ очиж, дэмжиж буй зөвхөн нэг нэр дэвшигчийнхээ нэрний өмнөх дугуйг дүүргэн будаж, нууцаар санал өгнө. Та сонгуульдаа идэвхтэй оролцоно уу" гэсэн байна.

Мөн АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ч АН-ын гишүүдийг намын даргын сонгуульдаа идэвхтэй оролцож, санал өгөхийг цахим хаягаараа уриалжээ.