Т.Ням-Очир: Сурагчдад өгч буй хоолны зураг, мэдээллийг нээлттэй болгож, эцэг эхийн оролцоо, хяналтыг сайжруулъя
2022/04/04
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ оныг Ёс зүйн жил болгон зарласан.
Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хандан Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах зөвлөмж танилцуулсныг хүргэж байна.
Тэрбээр
"Нэгдүгээрт, Сургууль бүр анги дүүргэлт, ээлжийн коэффициент дунд түвшинд байх дунд болон урт хугацааны төлөвлөлт хийе. 12 дугаар ангийн дөрвөн бүлэг төгсөж байхад нэгдүгээр ангийн найман бүлэг аваад байвал сургуулийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс элсэлт, төгсөлтийн бодлогыг дунд, урт хугацаагаар хамт олноороо төлөвлөж, зохистой харилцаа, бусдын боломжийг хулгайлахгүй байх зэрэг бодлогыг хэрэгжүүлье.
Хоёрдугаарт, Цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам талбайн хайс хашлага, хашааны эрсдэлийн үнэлгээг хийж, үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлье.
Гуравдугаарт, хоол хүнсний чанар хангамж. Долоо хоног бүр хоолны цэс, өдөр бүр хүүхдүүдэд өгч байгаа хоолныхоо зураг мэдээллийг нээлттэй байршуулж, эцэг эхийн хяналт, оролцоог нэгдүгээрт тавья.
Дөрөвдүгээрт, боловсролын байгууллагын ойр орчин дахь үйлчилгээний газруудад орон нутгийн захиргаатай хамтран хяналт тавьж, кампанит ажил өрнүүлье. Хаана, ямар хориглосон бүтээгдэхүүн зарж байгаа тухай гомдол жин дарж байгаа. Иймд сургуулийн ойролцоо 500 метрт хяналт тавьж, стандартыг мөрдүүлье.
Тавдугаарт, дотоод агаарын чанарыг хэмжиж, сэлгэлтийг зохистой түвшинд хийдэг болъё. Цонх хаалганаасаа эхлээд аюулгүй байдлаа хангая
Зургаадугаарт, нийтийн эзэмшлийн зам талбайд камерын хяналтыг сайжруулъя" гэсэн юм.