Ковид 19 цар тахал 2020 оны эхнээс өдий хүртэл манай дэлхийг бүхлээр хамарсан хоёр жил гаруй хугацааны явцад 500 сая шахам хүн халдвар авч 6 сая гаруй хүн нас баржээ. Монголд бараг сая шахам хүн халдвар авч, 2200 орчим хүн нас барсан. 

 

Нэг сая хүнд ноогдох халдварын тоо дэлхийн дундаж 62, Монголын дундаж 139.

Нэг сая хүнд ноогдох нас баралтын тоо дэлхийн дундаж 791, Монголын дундаж 646.

Ийм хохиролтойгоор бид энэ цар тахлын ард гарч байна. Статистик бол хуурай тоо, тайлбар заавал дагах ёстой байдаг. Цар тахал Евроази, Америк тивд хүчтэй дэлгэрсэн ч одоо болтол Африкт өргөн тархсангүй. 100 сая илүү хүнтэй Египт, Этиоп, Конгод сая хүнд ноогдох халдвар болон үхлийн тоо манайхтай бараг адил байгаа нь тэнд тахлын тархалт маш бага байсан гэсэн үг. Үүнийг тахлын үед тэдгээр газар гадагшаа холбоо харилцаагүй шахам байснаар тайлбарлаж байна. Түүнээс тэнд тахлаас сэргийлэх сайн арга хэмжээ авсан гэсэн үг биш, харин ч вакцинжуулалт тун тааруу явагдсан. Иймээс дэлхийн дундаж үзүүлэлтийг нэлээд доош татжээ. Ингэхээр Монголын ковидын тархалт болон нас баралтын үзүүлэлт дэлхийн дундажаас хамаагүй их байлаа гэж тайлбарлах нь учир дутагдалтай. 

 

 

Цар тахлын эсрэг Монголд авсан арга хэмжээнүүд өнгөрсөн хоёр жилд тун амжилттай болсон харагддаг. Шүүмжлэл маш их гарч байсан боловч эцсийн дүнгээр үнэлэх нь зөв биз.

 

 

Эхний жил хатуу хөл хорьсон нь тун оновчтой болсон. Учир нь Ковидын эсрэг вакцин гараагүй байхад 10 сарын турш энэ өвчнийг оруулж ирүүлэлгүй хааж чаджээ. Үүнийг нам засаг мэргэн бодлогоороо алсыг харж хийсэн гэж бодохгүй байна, гэвч энэ арга хэмжээ эцсийн дүнгээр харахад тун зөв болсон юм. Хий сүржигнэсэн л байх л даа, гээд үр дүнгээ хар л даа. Ус үзээгүй гутлаа тайлсан л байх, гэхдээ л үер болсон шүү дээ.

Анхны вакцин үйлдвэрлэлээс гарч хэрэглээнд нэвтрэхэд дэлхийн анхны хэрэглэгчдийн нэг нь Монгол улс болж чадсан. Үүнд Хятад, Япон, АНУ яаралтай, тэгээд хүрэлцээтэй тусламж үзүүлсэн. Ялангуяа ядуу орнуудад вакцин бараг олдохгүй байхад бид хөгжингүй орнуудаас түрүүлээд хүн амынхаа 60-70 хувийг вакцинд хамруулж чадсан. Гадаад харилцаандаа нэр хүндтэйгээс гадна намзасаг энэ тал дээр шуурхай ажилласныг үгүйсгэшгүй.

Халдвар ид дэлгэрч байх үед “нэг өрхөд нэг шинжилгээ” арга хэмжээ шуурхай авсан нь ковидын онц халдвартай, аюултай “делта” хувилбарыг тогтоон барьж чадсан.

Маш хурдтай тархдаг боловч хөнөөл нь бага “омикрон” хувилбар дэлгэрэхэд хорио цээрийг суллах, цуцлах арга хэмжээ авснаар хүн ам цөөтэй манай оронд сүргийн дархлааг богино хугацаанд бий болгож чадлаа.

Ингээд нэг зовлонг давсан авч гамшиг ганцаараа ирдэггүй аж. Хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахал араасаа дараагийн зовлонт үр дагавараа авчирч байна. Энэ өнгөрсөн хугацаанд бусад ихэнх орны нэгэн адил Монгол улс хаалттай дэглэмд хоригдлоо. Ковид анх гарсан газар болох Хятад бүхий л харилцаагаа бараг бүх дэлхийтэй хааж орхив. Гэтэл манай гадаад худалдаа хэтэрхий дийлэнх нь Хятадтай, эсвэл Хятадаар дамжин хийгддэг. Бид нийт хэрэглээнийхээ бараг 90 хувийг импортоор нийлүүлдэг. Голлох экспорт болох уул уурхайн бүтээгдэхүүн зөвхөн Хятад руу, амин хэрэгцээт эрчим хүч, шатахууны импорт зөвхөн Оросоос. Бусад оронтой хийх худалдаа бараг бүгдээрээ энэ хоёр орноор дамждаг. 

 

Цар тахал бидэнд ямар сургамж өгч, нийгмийн амьдралыг хэрхэн өөрчилж, эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ? Юутай ч хүн төрлөхтнийг сүүлийн үед түгшүүрт автуулаад байгаа нүүрс хүчлийн давхар исэл нэлээд багассан гэнэ. Энэ нь тахлаас болоод үйлдвэрлэлийн хэмжээ багассан, тээвэр хорогдсонтой холбоотой аж. Тэгэхээр дулаарлын асуудалд хүний оролцоо нэлээд байгаа нь батлагдаж буй хэрэг. Аялал жуулчлал багассантайгаар холбоотой бололтой гол мөрөн, далайн эрэг ч нэлээд цэвэршсэн гэх. Хүмүүсийн хөдөлгөөн цөөрч хөл хорионд орсны үр дүн бололтой дэлхий даяар гэмт хэрэг цөөрч, цар тахлыг эс тооцвол бусад төрлийн халдварт өвчний дэгдэлт эрс буурчээ. Эрчим хүчний хэрэглээ ч багассан.

 

Эдийн засагт их өөрчлөлт гарч, уламжлалт арга хэлбэрүүд шинэ нөхцөлд шилжиж байна. Шугаман эдийн засаг гэгдэх ажиллах хүчний тогтвортой байршил багасахын сацуу тодорхой түр зуурын ажлын байр гарахад тэнд хүнд сурталгүйгээр богино хугацаагаар ажиллах хүчин авч ажиллуулдаг горим бий болсон төдийгүй энэ нь шинэ нөхцөлд хэвээр үргэлжлэх бололтой. Хүмүүсийн хэрэглээнд эргэлт гарч байна. Бараа үйлчилгээ худалдан авахдаа тооцоолдог, эрэгцүүлдэг, онц шаардлагагүй бараа үйлчилгээнээс татгалзаж чаддаг горим дэлхий нийтэд ажиглагдах болсон. Энэ бол хэмнэлтийн горим. Хэмнэлт өөр маш олон салбарт харагдаж байна. 

 

Дижитал хэрэглээ урьдахтай харьцуулахад эрс өсөв. Албан газартаа очилгүй гэрээсээ ажиллах, хот улс дамнан алсаас захиалгаар ажиллах явдал ихэд нэмэгдсэнээр нэг талаас ажлын байр өргөсөж, нөгөө талаас ажлын байрны ачаалал багассанаар дэд бүтэц, тог цахилгаан цэвэрлэгээ зэрэг олон зүйлд асар их хэмнэлт гарах болов. Мөн хүмүүсийн гэр орондоо ихэнх цагаа өнгөрөөснөөр айл гэр бүлийн амьдралд ч өөрчлөлт гарах болов. Бараа үйлчилгээний хүргэлтийн систем цэцэглэж байна. Боловсролыг тогтолцоо ч өөрчлөгдөж онлайн сургалт ердийн норм хэмжээ болох тийш хандаж буй. Эмнэлэгийн үйлчилгээ хялбар, түргэн шуурхай болж буйг интернэтээр үзлэг хийх, эмчийн зөвлөгөө авах зэргээр тайлбарлаж байгаа.

 

Цар тахлын ачаар ялангуяа эрүүл мэндийн салбарт хүмүүсийн сахилга бат маш сайжирлаа. Маск зүүх, вакцинд хамрагдах, эрүүл мэндийн талаарх төр олон нийтийн зөвлөлгөөг сонсох төдийгүй баримтлах, хувийн ариун цэвэр сахих талаар том дэвшилд гарсан гэж хэлж болно.

 

Энэхүү шинэ дадал, шинэ сахилга бат, шинэ хэмнэлт, шинэ соёлыг цар тахлын дараа ч нийтэд хэвшүүлж, дэлхий нийтийг хамарсан ийм шилжилтийг төр засгаас дэмжин ердийн норм болгох нь бидний өмнө тулгарч байгаа гол зорилт, амьдралын тогтсон хэв маягаа өөрчлөх том бололцоо юм.

Хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахал нийт дэлхийн эдийн засагт хүнд цохиол өгсөн. Газар зүйн утгаараа хоёрхон хөршийн дунд хавчуулагдсан, бараг юу ч үйлдвэрлэдэггүй, зөвхөн уул уурхайн түүхий эдээс бүрэн хамаарал бүхий эдийн засагтай Монгол улсын хувьд бий болсон хохирол дундарлаа нөхөх нь мэдээж бэрхшээлтэй. Иймээс маш яаралтай бүтцийн өөрчлөлт хийх бололцоог бүрэн дүүрэн ашигламаар байна.

 

Иргэдийг идэж уух өмсөх зүүхээ хас гэж хачин балай юманд уриалж байхаар улсын нийт эдийн засагт мөнгөн утгаар хамгийн хохирол учруулж буй салбарт бүтцийн эрчимтэй шургуу өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ бол юун түрүүн бараг бүгд алдагдалтай төрийн мэдлийн хэдэн зуун аж ахуйн нэгжүүд юм. Тэртэй тэргүй Засгийн газраас санаачилж УИХ-аар хуульчлагдсан “Шинэ эргэлт”-ийн бодлогоор эдгээр аж ахуйн нэгжүүдэд эрс өөрчлөлт хийхээр тусгасан. Алдагдал бүхийн аж ахуйн нэгжүүдийг дампууруулах, татан буулгах, үнэ дуудан худалдах, мэнэжмэнтийн хувьчлалд оруулах гэх мэт.

Авилга улс орныг сүйрүүлж болдогийг саяхи Украинд хийж буй Оросын дайн тод харууллаа. Нефтийн үнийн өсөлтийн үед оросууд цэрэг зэвсэгтээ маш анхаарч их хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл авилга шамшигдуулалтаар зэр зэвсэг техникийн эрэг боолтоос эхлээд эд ангийг нь шамшигдуулснаас болж дэлхийн тэргүүлэх арми хэрхэн бүтэлгүйтэж буйг цөмөөрөө харж байна. Эдийн засгийн хямралаас гарах нэг том бололцоо бол энэ байдлыг далимдуулан хуулийн хүрээндавилгатай ил дайн зарлаж, тэртэй тэргүй нэгэнт хуульчлагдсан хуулийг хатуу баримталмаар.

Өнөөдөртөө Монгол улсын дэлхийн зах зээлд гаргаж чадах бараг цорын ганц бараа бол уул уурхайн түүхий эд юм. Мөнгө олох өөр юм бидэнд байхгүй. Хүн болгон ойлгочихмоор энгийн үнэн энэ. Уул уурхайг ашиглах, худалдагдахуйц бүтээгдэхүүн дангаараа үйлдвэрлэх техник технологи, чадвар, ажиллах хүчин ч бидэнд хомсдолтой. Гадаадын хөрөнгө оруулалтыг хавчин хөөсөн 2012 оны хуулиас хойш Монгол сэргэн мандах мөрөөдөл унтарсан. Хөрөнгө оруулалтыг сэргээх бүхий л арга хэмжээг яаралтай авах шаардлагатай. Азийн тавдахь бар болохоор тодорчихоод байсан Монгол энэ хийрхлээсээ болоод ядуу зүдүү орны тоонд орсон төдийгүй ирээдүйгүй, найдваргүй, бүтэлгүй, итгэх аргагүй, чадваргүй газарт нэгэнт бүртгэгджээ. Монгол улсын газрын баялагийн хайгуул хийгдсэн нутаг ердөө 20 хувь нь боловч зөвхөн тэрийгээ л ашиглаж эргэлтэнд оруулж чадвал ихнаяд долларын олз байна, үүнээ хун амдаа хувааж тооцоход богино хугацаанд дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүйтэй гэсэн тооцоо бий. Бүх юм биднээс өөрсдөөс маань хамаарна.

Өмнөд хөршид ковидын дараагийн давалгаа эхэлсэн учир хилийн хориг мөддөө тавигдахгүй бололтой. Хойд хөрш дайны байдалд орж, дэлхий дахины эдийн засгийн хоригт орлоо. Дунд нь хавчуулагдсан Монгол орон давхар хоригт орлоо гэсэн үг. Бид Оросоос стратекийн бүрэн хамааралтай. Энэ бол шатахуун, эрчим хүч, ложистик юм. Өмнөд хөршөөс экспортын бүрэн хамааралтай.

 

 

Гадагшаа зах зээлд гаргаж валют олж чадах ганц бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эд зөвхөн Хятад руу гардаг. Чухам ийм учраас л тулгарсан хүнд нөхцөлд улс орны эдийн засгийн бүтцэд яаралтай өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.

 

 

Хямралтай тэмцэх арга хэмжээ авч байна гэх нэрэн дор мулгуу шийдвэр гарган хохирлыг улам даамжруулдаг гашуун туршлага олон давтагдсан. Социализмын үеийн анти эдийн засгийн бодлогыг дурьдахаа больё. 1993 онд гиперинфляци 360 хувь хүрэх үед махны үнийг тогтоон барих арга хэмжээ гэгчийг Засгийн газраас санаачлан үйлдсэн. Нэг кг махны үнийг одоо байгаа 350 төгрөгөөр нь тогтоож үүнээс дээш үнээр зарахыг хоригложээ. Ердөө маргааш нь махны үнэ зах зээлд 550 төгрөг болж дэлгүүр махгүй болсон. Хавар махны үнэ нэмэгддэг учраас мах нөөцлөх ажиллагаа гэдгийг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн. Мэдээжийн хэрэг голдуу ямааны зовлого нөөцөөс гарган “хямд” үнээр дэлгүүрт овоолсон боловч хүмүүс голоод авахгүй байлаа. 2010 онд байхаа, махны үнэ тогтворжуулах арга хэмжээ гэгчийн үеэр мөн л төрийн шийдвэрээр “тогтмол үнэ” албадсан чинь малчид махаа зарахаа больж, шанд нь хотод махны үнэ өөрийн эрхгүй шууд өсч байлаа. 

 

2013-2015 онд шатахууны үнэ тогтворжуулна гэх нэрийн дор Засгийн газрын шийдвэрээр бензиний үнийг барьваа. Үнэхээр үнэ тогтвортой байсан. Гэтэл үүний цаана шатахуун импортлогч дундаж компани л гэхэд улсын нөөцөөс 70 сая доллар авсан. 2016 он гэхэд улс валютийн нөөцгүй болоход энэхүү “үнэ тогтворжуулга” нэлээд хувьд нь буруутай. Ер нь иймэрхүү мулгуу шийдвэр эхэн үедээ мэдэхгүй чадахгүйгээс үүдэлтэй байсан бол одоо хэдийнээ луйвар хийх зорилготой зориудын төлөвлөсөн үйлдэл болон хөгжжээ. Ковидын хямрал эхлэхээс өмнө мөнгөний чөлөөт урсгалыг хаан боогдуулсан хууль УИХ баталсан. “Япон, Швейцарийн туршлага”, “Төгрөгийн нэр хүндийг өсгөх”, “Монголын биржийг өөд татах” зэрэг уран панаал дэвшүүлсэн ч үнэн чанартаа эдийн засгийг алах хорон санаа агуулж байжээ. Үүнийг одоо Монгол банк улам өргөжүүлэн ерөөс зах зээлийн мөнгөний урсгалыг тас хааж эхэллээ. Монгол бол архи, гурил, мах гурваас бусад бүх бараа үйлчилгээгээ гаднаас импортолдог орон юмаа гэдгийг ойрын хоёр жилийн карантин тод харууллаа. Хатуу валютийн гүйлгээг хааснаар зах зээлд төгрөгтэй харьцуулах ханш нь эрс өсөх ба энэ нь араасаа инфляци дагуулах нь ердийн хэнд ч ойлгомжтой атал хямрал далимдуулан ийм үйлдэл хийж буй нь зориудын хорлон сүйтгэл биш юм гэхэд өөрсөндөө ашиг унагах гэсэн увайгүй арга мөн үү?

 

Баабар

 

2022.4.5