Л.Оюун-Эрдэнэ: Би уучлал гуйя. Та бүхэн намайг уучлаарай
2022/04/08
Төв талбайд жагсаж байгаа иргэдийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хүлээн авч, уулзаж байна.
Сануулахад, "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж буй.
Тэд Засгийн газрыг ажлаа хийх, хулгайгаа зогсоох, шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, үнийн өсөлтийг бууруулахыг шаардаж, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм.
Залуус Ерөнхий сайдад хамгийн түрүүнд өөрсдийн өгсөн шаардлагаас гадна уучлалт гуйхыг хүсэв.
Мөн өчигдөр жагсаж байсан иргэдийг тараах явцад хүний эрх зөрчигдсөн асуудал гарсан тул хүний эрх зөрчсөн тухайн цагдаагийн алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардсан юм.
Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өчигдөр гарч ирэхийг их хүссэн. Өнөөдөр миний хувьд амаргүй олон дүрэм журмыг давж, гарч ирлээ. Аль ч улс оронд жагсаал бүхний өмнө Ерөнхий сайд нь шууд гарч ирэх тохиолдол олон биш.
Харин бид одоо шийдэл ярих ёстой. Бид хамт хичээж байж өнгөрсөн 30 жилд үүссэн алдаа, завхралыг засаж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй.
Өчигдөр би ХЗДХ-ийн сайд болон хууль хяналтын байгууллагад огт хүч хэрэглэж болохгүй гэж байнга хэлж байсан. Гэхдээ зарим хүнээс тодорхой хэмжээний тодруулга авах шаардлагатай байсан бөгөөд өнөөдөр ямар хүн хорионд байхгүй байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд надад хариуцлагатайгаар мэдэгдсэн. Хэрвээ энэ асуудалд өөр ямар нэг зүйл байгаа бол миний хувьд хариуцлага тооцоход бэлэн байна” гэв.
Үргэлжлүүлэн “Залуусаа, би Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг уучлаарай. Засгийн газарт чадаж байгаа болон чадахгүй зүйл ч олон байна. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа” гэсэн юм.
Жагсагч залуус "Ажлаа хий" хэмээсээр байна.
Засгийн газрын тэргүүн төв талбайд жагсагчидтай уулзах үеэр үнийн өсөлтийг зохицуулах амлалтыг иргэд шаардав.
Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ батална гэдэгт итгэж байгаа. Хууль батлагдсанаар 1,000 төгрөгөөр өсөх бензиний үнийг тогтвортой барих боломжтой гэж тооцож байгаа. Бензинийг бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас тийм ч амар биш байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Надаас өөр хэн ч байлаа гэсэн, бурхан байлаа ч энэ асуудлыг шийдэх боломжгүй.
Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Төр бүх юмны үнийг шууд тогтоодог байсан нийгэм бол 1992 оноос өмнөх үе. Бид эргээд тийм зүйлд орж болохгүй.
Гэхдээ Засгийн газраас махны үнийг буулгахын төлөө, будааны үнийг буулгахын төлөө, гурилын үнийг буулгахын төлөө, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.
ВИДЕО:
Зочин · 2022/04/09
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр